img

Ю.ЦЭДЭНБАЛ: ГИТЛЕР ШИГ ЗЭРЛЭГ, ХАРГИС ЧИНГИСИЙГ МАГТАЖ ЯВДАГ Б.РИНЧЕН БОЛ ЭСЭРГҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ

img
Ю.Цэдэнбал Монголын шинэ үеийн сэхээтнүүдийг залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх үйл ажиллагааг бүр 1949 оноос удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж байв. Юмжаагийн Цэдэнбал нь 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв. Үүний дараа 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга байхдаа л хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэж байсан тухай энд өгүүлэх болно. Тэрбээр 1949 оны гуравдугаар сард Улс төрийн товчоо /УТТ/-д маш нууц гэсэн хаягтай захидал бичихдээ “Чингис хаан бол харгис, аллага хядлагаараа дэлхийд гайхуулж явснаас биш, өөр юу ч хийгээгүй. Чингис одоогийн Гитлер шиг л байсан. Түүнийг шүтэн бишрэгчдийг НАХЯ цаг алдалгүй илрүүлж хуулийн хатуу шийтгэл ногдуулах учиртай” гэжээ. Мөн энэхүү захианд монголын сор болсон эрдэмтдийн нэр усыг бичиж, тэднийг шорон гянданд хорих тухай санал дэвшүүлж байсан аж. Баримт дурдвал МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1949 оны долдугаар сарын 21-нд Ю.Цэдэнбалын санаачилгаар “Ардын унших бичгийн тухай” 34/64 тоот тогтоол гаргаж, 1948 онд хэвлэгдсэн тэр номыг үзэл суртлын алдаатай, үндсэрхэг үзэл ханхлуулсан, Чингисийг магтан дуулсан гэж үзэн зохиогч Г.Жамсранжав нарын олон арван зохиолч, сэхээтнийг хэлмэгдүүлж, номыг нь шатаажээ. Хэлмэгдүүлэх ажилдаа амташсан маршал Ю.Цэдэнбал 1949 оны аравдугаар сард “БНМАУ-ын түүх ба утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” хэлэлцэхдээ нэрт эрдэмтэн Х.Пэрлээгийн “Монгол цэргийн ур чадвар”, Б.Содномын “Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв”, Ш.Нацагдоржийн “Нууц товчооны оршил”, Л.Дүгэрсүрэнгийн “Монголын ард түмэн эх орон ба эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн нь” ном, өгүүллүүдийг үндсэрхэг үзэл шингэсэн бүтээлүүд гэж эрс шүүмжилжээ. Энэ “номхотнох” шүүмжлэлд их эрдэмтэн Б.Ринчен, Ш.Лувсанвандан нар өртөх болов. Үүнээс хойш нэг жилийн дараа наймдугаар сарын 06-нд тухайн үеийн нам засгийн “Үнэн сонин”-ы газрын орчуулагч нэрт эрдэмтэн Б.Ринчений тухай” танилцуулах “справка” /ховын бичиг/-г Ю.Цэдэнбал хүлээн аваад зарим догол мөрний өмнө улаан харандаагаар асуултын, анхаарлын, нэмэх тэмдэг тавих зэргээр ихэд анхааралтай уншсан баримт өдгөө хадгалагдан үлджээ. Б.Ринчений 1946 онд япон цэргийн лагерийн дарга Та Миртай уулзсан гэсэн догол мөрийн урьд улаан харандаагаар “проверено!” (шалгасан юм уу!) гэж оросоор тэмдэглэгээ хийсэн баримт үлджээ. Нэг үгээр Ю.Цэдэнбал нь Б.Ринченийг үндсэрхэг үзэлтэ. Чингис бол Гитлерээс өөрцгүй зэрлэг, харгис дарангуйлагч байсан. Гэтэл Б.Ринчен Чингис хааныг үргэлж, магтан сайшаагч. Чингисийг магтаж байгаа хүн эсэргүүний үлдэгдэл мөн хэмээн цаашд хэлмэгдүүлэх ажилдаа орсон байдаг. Энэ тухай тэрбээр Улс төрийн товчооны хурал дээр,
-Чингис хаан бол Гитлер шиг аллага хядлага хийхээс өөр юу ч хийгээгүй харгис этгээд байсан. Тэгвэл Чингис хааныг магтаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бол Гитлерийг магтаж байгаагаас өөрцгүй. Тэд бол эх орны дайсан гэжээ.
1956 оны 12 дугаар сарын 5-нд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооноос “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” гэсэн нэртэй 413 тоот тогтоол гаргаж, Н.Дангаасүрэн, Д.Лхамжав, Ж.Төмөрбаатар, Д.Базарсад нарын олон арван сэхээтнийг гэнэдүүлэн “номхруулах” ажлыг Ю.Цэдэнбал удир­дан зохион байгуулсан хөдөлшгүй баримт байна. Энэ тухай С.Баатарын “Эх орончид ба Цэдэнбал” номонд тодорхой бичжээ. Нам төрийн өндөрлөгт хүрсэн Ю.Цэдэнбал “Сэхээтний төөрөгдөл” нэрийн дор нийтдээ 1000 гаруй сэхээтэн, зохиолч, эрдэмтэн, уран бүтээлч, жирийн хөдөлмөрчин ардыг хилс хэрэгт тулган хэлмэгдүүлж, шорон гяндан, цөллөг, амь насыг нь хохироож байсныг монголын үр ач нар хэзээ ч мартаж болохгүй. Тэгвэл Ю.Цэдэнбалын цусгүй хэлмэгдүүлэлт аль тэртээ 1940 оноос эхэлж байсныг энд дурдъя.
Тэрбээр 1940 оны сүүлчээр Намын хянан шалгах комисс /НХШК/-ын дарга Д.Балганжавыг баривчлан хэлмэгдүүлэхэд гар бие оролцсон байдаг. Үүнийхээ дараа МХЗЭ-ийн Төв хорооны дарга Ё.Магсарыг Ю.Цэдэнбал 1941 онд өрөөндөө баривчлан, Улаанбаатар хотын намын хорооны даргыг өрөөндөө байцаасан протокол бий. 1948 онд “Порт Артур”-ын бүлэг хэрэг гэгчийг үүсгэн, олон зуун гэмгүй иргэдээ Х.Чойбалсанг хөнөөхийг завдсан хэмээн хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал алсаас зох­ион байгуулан идэвхтэй оролцжээ. Мөн 1940-өөд онд хувьсгалын эсэргүүчүүдийн арга ажиллагаа өөрчлөгдөж, одоо БНМАУ-ын эдийн засгийг хорлон сүйтгэхэд чиглэгдлээ... гэсэн дүгнэлт Ю.Цэдэнбал гаргаж, 1949 онд Жамбалдоржийн “хар хууль” гэж хуульчилсан нэрлэгдсэн тогтоолоор олон зуун гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн түүхтэй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ