img

МАНЖИЙН ЭСРЭГ ЗОДООН ҮҮСГЭСЭН САЙН ЭРСИЙН ХЭРЭГ

img
Гучаад оны ахмад түүхч Б.Баянчуулганы өгүүлснээр бол манж сайд нар манай алтны уурхайг оросуудад зарж дундаас нь ашиг олдог байсан бололтой. Яг л өнөө цагийн Тавантолгой, Оюутолгойн луйвар шиг хэрүүл зарга тухайн үед өрнөж байжээ. Ер нь аль ч цагийн шуналтай түшмэдүүд адилхан байх юм даа. Гучаад оны үед манж хэлнээс орчуулга хийдэг Л.Дэндэв хэмээх түүхч Тэнгэрийн тэтгэсний 28-р оны Сэцэн хан аймгийн чуулган даргын бичиглэсэн зүйлийг Манж данснаас авч уйгаржин бичиг рүү шилжүүлсэн байх бөгөөд үүнд өгүүлэхдээ: “Тэнгэрийн тэтгэсний 28-р он 2-р сарын 10-нд Сэцэн хан аймгийн жанжин Хэбэй нараас Хэрлэнгийн Барс хотын чуулганы тэргүүн Сэцэн хан нарт илгээсэн бичигт дурьдсан нь: Монголын журганыг эрхэлсэн сайд Фувей Монголын ноёдод бага сага мөнгө, тариа бэлэглэж өгөөд оронд нь өдий төдий мал гарган авч Чуулалт хаалганы хэрмийн гадна 6-р өртөөний орчим газар өөлд эр, эм нийлээд хүмүүсээр маллуулж буй мэдээг Харбинд тушааж байцаалгаваас Фувэйн тэмээ 111, морь 515, үхэр 155, хонь 3000 болжээ. Эдгээрийг авахад үнэ анх өгснийг болзохуйяа бэрх. Бас бага сага мөнгө өгөөд өчнөөн олон мал авсан гэх нь зүгээр авснаас өөрцгүй. Ийнхүү ховдоглон явсан нь үзэх газар үгүй болов. Үүнээс хойш монголчууд Журганы түшмэдэд морь мал өгөх аваас үүрд хүндэд ялламой хэмээн зарлиг буулгасныг, нийтээр зарлав...” хэмээжээ. Манжийн засаглалын үед манж ноёд монголчуудаас мал олноор авах нь байтугай эрдэс баялаг арвинтай бүхэл бүтэн уул авч байсан түүхтэй ажээ. Жишээ нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны засаг ноён Ичинноров, хятад данжаад Бао Дай гэгчид тус нутгийн эрдэс баялаг ихтэй Эрдэнэдалай хэмээх уул бэлэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
19-р зууны үед Да хүрээнд хятад, монголчуудын дунд хэд хэдэн нүсэр зодоон болсон байх бөгөөд үүний уг үндэс нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны шилийн сайн эр Төгөөгөөс эхтэй ажээ. Жанжин Д.Сүхбаатарын өвөг эцэг Төгөө нь урваач шарваач монгол ноёд болон хятадуудад хорлогдсон төрсөн эцэг “Эрхий мэргэн” Элбэгийнхээ өш хонзонг авахаар Сэцэн ханы Ёст бэйсийн хошууны хятад пүүсүүдийг тонон дээрэмдэж нэг хэсэгтээ л бужигнуулж байсан түүхтэй. Эцэст нь түүний журмын нөхдийг манж, хятадууд Ёст бэйсийн Цорготын голын баруун талд байрлах хошуу тамгын газрын “Бат гүн” шоронд хорьж эрүүдэн тамлаж байгаад модоор доторлосон нүхэн шоронд хийж дээрээс нь таглаж цоожлон бүгдийг нь бүтээгээд алчихжээ. Муу юм модон улаатай гэгчээр энэхүү хэрцгий аллагаас үүдэж Ёст бэйсийн хошуунд “Модон гэрт үхсэн арван есөн хулгайн хэрэг” гэх дуулиант хэрэг дэгдсэнээр Да хүрээнд манж, хятадуудыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн үе үе цухалзах болж, улмаар Хятадын мөнгө хүүлэгчид, халх иргэдийн хооронд байсхийгээд л цус асгаруулсан зодоон цохион өрнөдөг болжээ. 20-р зуун гармагц иймэрхүү зодоон улам гаарсан байна. Тухайн үеийн лам нар хятадуудтай цусаа гартал зодолддог байж. Манжийн талхинд цусаа, Хятадын мөлжлөгөнд хөлсөө асгаруулж байсан 20-р зууны эхэн үед нэг талаас шарын шашин, нөгөө талаас дотоодын дайн самуун хийгээд харийн дарлал монголчуудын цог хийморийг самууруулж, үндэстнийхээ хувьд мөхөж байсан түүхтэй. Гэвч тухайн үеийн монгол эрчүүд хүлцэнгүй суугаад байсангүй, боломжит бүхий л аргаар тэмцэж байв. Тэмцлийн хамгийн гол арга нь суурин газарт бол олныг хамарсан зодоон өдөөх явдал байлаа. Эрчүүдийн дийлэнх нь лам байсан тухайн үед хэдийгээр винайн ёсыг сахисан ч гэсэн эр хүнийх нь хувьд монголчууд лам нараасаа аврал хайдаг байж. Тийм учраас лам нарын дунд нударган зодоон хөгжиж эхэлсэн байдаг. 1904 оноос лам нар болон хятад худалдаачид, тэднийг өмгөөлөгч Манжийн цэргийн хооронд хэд хэдэн удаа ширүүн зодоон болж, үүнд энгийн ардууд хүртэл татагдан орж байжээ. Жишээ нь 1904 онд Агваан нарын хэсэг лам, ард Төмөр, Жамбаа, Балдир, Дамба нарын хүмүүс Хятадын Чжи Сань Юан пүүсийн худалдаачидтай хэрэлдэж, улмаар тэднийг зодож, дэлгүүрийг нь талж орхижээ. Хятадууд тэднийг баривчлахад хэдэн зуун лам, ард өмөөрөн ирж суллаад зогсохгүй Чжи Сань Юан пүүсийн бүх худалдаачныг бялба нүдээд дэлгүүрийг нь үнсэн товрог болгожээ. Амбаны газраас баахан тушаал зарлиг болсон авч хэн ч тэднийг барьж өгсөнгүй. Мөн 1907 оны 11-р сарын 13-нд Гандан хийдийн лам Дамдинжав, Самбуу хоёр ачаатай тэрэгтэй явж байгаад нарийхан зам дээр тэрэгчин хятадтай таарч, хэн нь хэндээ зам тавихдаа тулж маргалдсан байна. Тэрэгчин хятад болохоор “Бид та нарын идэш хоолыг бэлддэг. Танай монголчууд бидэнд зам тавьж өгөх ёстой” гэж омогджээ. Хариуд нь лам Дамдинжав “Өмхий хятад чи манай газар нутаг дээр яваа болохоор бидэнд зам тавьж өгөх ёстой” гээд заамдаад авсан байна. Тэд хоорондоо зодолджээ. Энэхүү зодооны дуулианаар баахан лам хүрч ирээд тэрэгчин хятадыг Гандан өөд чирж аваачсан байна. Тэгтэл удалгүй манж цэргүүд хүрч ирээд Дамдинжав, Самбуу хоёрыг зодоон үүсгэсэн гэж баривчилжээ. Үүнд лам нар дургүйцээд Дамдинжав, Самбуу хоёрыг тэдний гараас хүчээр суллаж аваад, улмаар манж цэргүүдийг зоджээ. Үүний улмаас Манж амбаны газраас Дамдинжав, Самбуу нарыг баривчлах тушаал зарлиг гаргасан ч Шавийн яам биелүүлсэнгүй. Тиймээс Манж амбан Гандан хийдийн цогчин дацан, аймгийн гэсгүй нарыг олон лан мөнгөөр торгож шийтгэсэнээр дээрхи зодооны хэрэг шувтарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ