img

С.ЗОРИГИЙН ҮХЭЛ ХЭМЭЭХ ЗОРИЛТОТ ШОУГАА ОДОО ЗОГСООЁ!!!

img
Ардчиллын билэг тэмдэг гэгддэг С.Зориг гэж хэн байв гэдэг асуулт өнөөдөр энэ хүнийг эргэн санахад хүргэж байна. Өнөөдөр тэрээр амьд сэрүүн байвал 64 насныхаа төрсөн өдрийн лааг үлээж, буурал үсээ илээд бусадтайгаа шатраа нүүгээд, магадгүй улстөрчөө хийгээд манлайлаад явж байх байлаа. Аль эсвэл өөрийнх нь амьд сэрүүндээ ярьж байсан шиг нуурын эргийн модон байшинд номоо уншаад, судалгааны бүтээл хийгээд сууж байх ч байсан юм бил үү. Хэн бүхэнтэй эвтэй байдаг түүний амь насыг бүрэлгэнэ гэж бодоогүй, санаанд ч багтахгүй хэрэг. Гэхдээ түүнийг хөнөөх шалтгаан хэн нэгэнд байсан нь гарцаагүй үнэн. Хачирхалтай нь, хэр баргийн хэргийг илрүүлчихдэг Монголын хуулийн байгууллагынхан өнөөдрийг хүртэл амьд гэрчтэй энэхүү хэргийн алуурчдыг илрүүлж чадаагүй 28 жилийн нүүрийг үзэж байгаа. Ээдрээт энэхүү хэргийг ахалж байсан зарим албан тушаалтнуудын ярианаас уг хэрэгт холбогдуулан 10 мянга гаруй хүнийг шалгасан гэх авч алуурчныг олоогүй нь гайхалтай. Олоогүй гэхээсээ илүү олохыг хүсээгүй гэвэл үнэнд дүйцэхээр. Түүний алуурчныг олохгүй байх төр засгийнханд төдийгүй төрсөн ах дүү хоёрт нь хүртэл хоолоо олж идэх замыг нь засч өгсөн билээ. Сонгууль болгоноор сонирхол татсан сэдэв болдог С.Зоригийн амь насыг хөнөөсөн алуурчдыг илрүүлнэ хэмээн ам өчгөө өгч төрийн түшээгээр сонгогдсон хүмүүсийн дотор төрсөн дүү С.Оюун нь хүртэл багтаж буй. Иргэний зориг хэмээх ахынхаа нэрийг хүртэл оролцуулсан нам хүртэл байгуулж, өрөвчхөн монголчуудын зүрхэн дээр хэсэгтээ “гулгаж”, төрийн түшээгээс төрийн сайд хүртлээ томорсон. Албан тушаалд нүд нь сохордог бололтой ахынхаа үхлийн шалтгааныг олж өгөхийг шаардсан нь тун цөөн. Сонгууль дөхөхөөр л шалгалтаа бэлдэж буй хүүхэд гэнэт номоо сөхөж хардаг шиг ахынхаа амь насыг сануулдаг байв. Олон улсын төсөл дээр өндөр цалинтай, өсөх ирээдүйтэй ажиллаж байсан С.Баяр ахыг нь Энэтхэгт суух Элчин сайдаар хүртэл томилж байв. Тэд С.Зоригийнхоо үхлийн үнэ хүндээр төрөөс авч болох том албан тушаалуудыг бүгдийг авч үзэв. Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг ч С.Баяр, С.Оюун нар гучин жил шахуу идлээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар алуурчдыг хөдөлшгүй баримтаар илрүүлсэн гэдгийг олонтаа хэлдэг. Гэвч Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж бүгдийг самарч, ажлын хэсгийг хэдэн ч удаа хольж сольсныг тоолох аргагүй. Тэр болгонд баримт алга болдог гэдгийг Г.Эрдэнэбат прокурор хэлдэг. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Б.Булган энэ гурван ялтанг биш гэдэг. Эхлээд зургийг нь үзүүлэхээр энэ ч юм уу гэж заадаг Б.Содномдаржааг. Тэгээд мөрдөн байцаагчид нь ямар итгэл үнэмшил төрсөн юм гэхээр Б.Булган энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй гэсэн бодол таамаг төрсөн байдаг. Яагаад гэхээр гэрчүүдийн мэдүүлэг хэргийг үйлдсэн гэх хэрэгтнүүдийн мэдүүлэг өөрсдийн нь мессэж илчлээд байхад Б.Булган хүлээн зөвшөөрдөггүй. Б.Булган эдэнд туслаад байна гэсэн үндэслэлээр хамтрагч гэж шалгасан. Гэхдээ илрүүлж чадаагүй. Гол гэрч нь яалт ч байхгүй ганц амьд гэрч нь Б.Булган. Өөр хэн байх юм. Б.Булганыхаар энэ гурван хүн биш юм байж. Гэтэл бүх нотлох баримтаар нотлогдоод байна” гэж ярьж байв. Мөн энэ гурван этгээдийг С.Оюун харчихаад эхлээд мөн байна гэсэн ч төд удалгүй хэлсэн үгнээсээ буцсан гэдэг. Тэгэхээр энэ бүхнээс дүгнэж харахад, С.Зоригийн үхэл бол улстөрчдийн болон ураг төрлийнх нь зорилтот шоу болоод удаж байна. С.Зоригийн үхэл хэмээх зорилтот шоугаар 30 жил шахуу ард түмний тархийг баллуурдлаа, одоо больсон нь дээр биш үү.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ