img

ӨГИЙНУУР ӨМХИЙНУУР БОЛЖЭЭ

img
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт оршдог цэнгэг устай, 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 7 километр урт, 5 километр өргөн, хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим, загас жараахай, усны шувуудаар баялаг сайхан нуур бол Өгийнуур билээ. Өгийнуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэсэн байна.
Домогт өгүүлснээр, эрт үед нэгэн язгууртан тайж нутаг усандаа гайхагдсан Өгий гэдэг үзэсгэлэнт сайхан охинтой байж гэнэ. Тайжийнх адуу малаар баян, зарц хамжлага олонтой байв. Өгий охин нас бие гүйцэж нутгийнхаа өндөр сайхан нуруутай адуучин залуутай үерхэж дотносож гэнэ. Малын бэлчээрт уулзаж, хоёр биендээ эрхэлж байхыг нь тайжийн хамжлага зарц нараас нь мэдээд баян тайж болон эхнэрт нь хов хүргэжээ. Баян тайж охиноо ядуу гуйлгачин залууд өгөхгүй, сурвалжит баян хүнтэй гэрлүүлэхээр яарч гэнэ. Төд удалгүй нэгэн өдөр Өгий бүсгүй, адуучин залуу хоёрыг болзоот газраа уулзаж байхад нь тайжийн хамжлагууд ирж залууг нь барьж аван хороожээ. Өгий бүсгүй хайртай залуугаа санан шаналсаар унагасан нулимс нь нуур болон тогтож нэрээр нь үлджээ. Тэр цагаас хойш Өгий нуураас гарсан манан хөөрсөөр Авзага хайрханаа ирж шингэдэг болсон хэмээн өвгөд хуучилна. Ийнхүү Өгий нуур нь Авзага хайрхан залуугийн сэтгэлт бүсгүйн нулимснаас үүссэн учир “Өгий нуурыг эм савдаг сахиж байдаг, эмэгтэй хүн усанд нь умбавал гуниг зовлонтой учирна” хэмээн цээрлэж эргэн тойронд нь байх Баяртын овоо, Цагаан овоо, Алтангэрэлийн овоог тахиж аргаддаг болсон гэнэ. Гэтэл өнөөдөр домог түүхэнд мөнхөрсөн энэ нуур маань жинхэнээсээ дурсамж түүх болон үлдэх аюулд ороод байна. Эргийг нь дагаж байрласан тоогоо алдсан олон амралтын газруудын бохир орчин, түр амрахаар ирсэн амрагч олны хөлд дарагдсанаас үүдэж Өгийнуур Өмхийнуур болжээ. Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2024 онд нэг удаа цэвэрлэж, нуурын ёроолоос загасны тор, элдэв хог хаягдлыг гаргаж цэвэрлэсэн боловч өнөөдөр эргээд л хогийн цэг шиг болсон нь харамсалтай. Нуурын эрэг дагуу хамгаалалтын зурвас хийгээгүйгээс болж амрагчид машин тэргээ нуурын эрэг дээр тулгаж зогсоон, майхнаа бараг л усны халиан дээр барих нь дэндүү харамсмаар үйлдэл. Эдгээр олон амрагч нар өтгөн шингэнээ эрэг дээр шахуу тамгалаад үлдээгээд явдаг нь гашуун боловч үнэн. Амрах нэрээр архи дарс уусан хүмүүсийн үлдээсэн хог сэг, нуурын эргээр дүүрэн хоосон архины сав, шил хөглөрч, хошногоо арчсан цаас нь салхинд хаа нэгтээ хийсэн одох нь хэн нэгнээс аврал эрэх мэт. Эргээр нь алхах төдийд л эхүүн нясуун өмхий самхай үнэр хамар сэтлэх дөхнө. Үйлчилгээ үзүүлж байгаа нэрээр моторт завь, тоглоомын төв зэрэг нь бензин тосоо Өгийнуурын усанд санаатай, санамсаргүй асгах нь энүүхэнд. Олон зуун жил онгон дагшин байдлаа хадгалж ирсэн Өгийнуур маань өнөө үед өехийгөө дээш харуулах бололтой. Нуураа дагаж зусдаг нутгийн малчдын яриагаар Өгийнуурын арвин их ус жилээс жилд эрс багассаар байгаа гэнэ. Нуурын эрэгт байх хадан хясааг мөргөн шуугиж, шөнөдөө сүрдэм чимээ гаргаж, өдөртөө халгин цалгин байсан нуурын мандал өдгөө багассаар хадан хясаа руугаа хүрэхээ ч больж, бүр хадан хясааны доогуур машин явдаг зам үүсчээ. Хэдхэн жилийн өмнө эрчлэн хуйлран хадан хясааг мөргөн буцдаг байсан их ус эргэлт буцалтгүй ширгэжээ. Цэнгэг нуурын загасыг агнах гэсэн хүмүүс аг агнуурын хориотой үед ч ирж, өвлийн цагт тэсэрч дэлбэрэх бодис тавьж, зуны цагт тор тавьж, уурга дэгээ шидсэнээс болж загасны тоо толгой, төрөл зүйл улам багасч, тэр хэрээр загасаар хооллодог шувуудын тоо толгой ч цөөрч эхэлжээ. Нүүгэлтсэн их шувууд нуурын дээгүүр нисч, нуурыг бүрхэх шахдаг байсан бол өдгөө урд эрэгт нь хэдхэн усны шувууд эргэлдэх болжээ. Нуурын ус илт бохирдсоноос замаг үүсч, загасны үржих, өсөх нөхцөлд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. 20 гаруй төрлийн загас, жараахай байсан бол өнөөдөр 2,3-хан төрлийн алгана, цурхай гэх мэт махчин загас л нуурын усанд үхэх сэхэхээ үзэн үлджээ. Дэлхийн эко системийг хамгаалах олон улсын конвенцид орсон энэ нуураа одоо нэн яаралтай хамгаалахгүй бол нэг л өдөр ширгэсэн хоосон тогоотой үлдэх аюул тун ойрхон байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ