“Гучийн бүлэг” гэдэг ч яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг дэмждэг 16 гишүүн Булган аймгийн “Уран тогоо” амралтын газарт Н.Учралын Засгийн газрыг унагах “кино зохиол”-оо жин тан болгоод ирсэн. Мэдээж, Н.Учралын Засгийн газрыг мултлах энэхүү кино зохиолыг Л.Оюун-Эрдэнэ бичиж, “Херо” Б.Баатар найруулан улс төрийн тайзнаа танил технологиор тавьсан ч түмэн олон үл итгэлээ. Киноны эхний хэсэгт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, АН-ын УИХ дахь бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх нар туслах дүр бүтээв. БШУЯ-наас “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван ээлжээр хичээллэдэг улсын 38 сургуулийн ойролцоох хувийн сургуулиудад улсын сургуулийн сурагчдыг сургах судалгаа хийж, төсөл хөтөлбөр боловсруулжээ. Хувьсах зардалд төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах аж. Яамны зүгээс өнгөрсөн тавдугаар сараас хойш 38 сургуулийн ойролцоох хувийн сургуулиудад тус бүрд нь судалгаа хийсэн байдаг. Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кингс” хувийн сургуулийн ойролцоох, гурван ээлжээр хичээллэдэг 62 дугаар сургуулиас 500 хүүхэд сургах судалгааны ажлыг долдугаар сард БШУЯ-ны мэргэжилтнүүд хийжээ. Гэвч “Их засаг кингс” сургуулийн удирдлагууд БШУЯ-нд хандаж, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөртэй хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Яамны судалгааны 600 хуудас бүхий материалаас “Их засаг кингс” хувийн сургуульд яамнаас судалгаа хийсэн ганц хуудас цаасыг сугалан авч, “Херо”-гийн зохиолын сценариар “сэвэв”. Төрийн нарийн Т.Ням-Очир нь “Манай яаманд дөрвөн хувийн сургууль хүсэлтээ өгсөн. Тэдний нэг нь ‘Их засаг кингс’ сургууль мөн” гэж сэтгүүлчдэд худал мэдээлэл тарааж, Н.Учралын Засгийг унагах кино сошиалд эрчээ авах байлаа. Мөн өдрийн үдээс хойш нэр дурдагдсан “Их засаг кингс”, “Шинэ санаа иннова”, “Империал” зэрэг дөрвөн хувийн сургууль ээлж дараалан мэдэгдэл хийж "Манай сургууль хэзээ ч БШУЯ-нд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүсэлт гаргаагүй. Сургуулийн нэр төрд халдаж, гүтгэсэн ТНБД Т.Ням-Очирыг шүүхэд өгнө" гэцгээв. Тав ч алхахгүй ташаа мэдээлэл хийсэн нь баригдсан Т.Ням-Очир тэр өдрийн орой дахин залруулга хийж "Их засаг кингс” сургуультай хамтран ажиллах саналыг манай яам тавьсан. Гэвч тус сургууль хүлээн зөвшөөрөөгүй, бас манай яаманд ямар нэгэн хүсэлт өгөөгүй” гэв. Үүний дараа УИХ дахь АН-ын ажлын албаны дарга Б.Энхмөнх АТГ-ын өмнө баахан сүржигнээд, иссэн хоормог шиг попроод түмний шившиг болж, ажлаа өгч, гудамжинд гарав. Энэ талаар тус намын ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү “МАН-ынхан бие биеэ араас нь хутгалдаг кинонд манай Б.Энхмөнх үсрээд орчихлоо” гэж жиргэжээ. Өмнө нь “Херо”-гийн хар контентыг 2012–2020 онд нийгмээрээ хуйлран үздэг байсан үе ард хоцорчээ. “Херо” Б.Баатарын гүтгэлэгт кино явахаа больсон нь эндээс харагдаж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Булган аймагт Н.Учралын бөөрийг “сугалах” хорлонт технологи амжилт олсонгүй, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдгийг батлав. Их наяд, мега хулгайчдыг хамгаалан хана хэрэм шиг зогсож буй ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг нийгмээрээ эсэргүүцэж, хариуцлагад тооцохыг шаардав. Удган Б.Булнай “шүгэл үлээж”, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд хэвлэлийн хурал зарлаж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хууль зөрчсөн, хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг нийгэмд хүргэв. Сайд С.Амарсайхан нь эхлээд ах дүүсээ ШШГЕГ-т том, том албан тушаалд томилуулчихаад, сүүлдээ жолооч, хамаарал бүхий хүмүүсийнхээ эхнэр, хүргэнийг хүртэл дарга болгуулжээ. Газрын дарга, генерал А.Намсамандыг дарамталж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог учраас сайд С.Амарсайхантай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэв. Үүнийг нь АН өлгөн авч, УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Н.Учралын Засгийн газарт итгэл үзүүлэх, С.Амарсайхан сайдыг огцруулах”-ыг шаардав. Гишүүн Ч.Лодойсамбуу “Н.Учрал залуу хүн байж үлбэгэр, сул дорой байж болохгүй. Улсаас 500 тэрбум төгрөг зувчуулчихаад Канадад лайв хийж явдаг Х.Нямбаатар, түүний хамсаатнуудад хариуцлага тооцох ёстой. Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах дээр АН-ын бүлэг санал нэгдсэн” гэв. Үнэн гутлаа үдэж байхад худал уул давдаг ч Н.Учралыг мултлахаар хийсэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатарын “Херо”-гийн хар кино өдөр өнгөрөх тусам үнэнд гүйцэгдэж байна. Харин С.Амарсайханы хууль зөрчсөн үйлдлүүд түүнийг сайдын суудлаас унагах нь тодорхой болжээ. Түүний хамаарал бүхий компани шүүхийн шийдвэрээр 4 сая долларын өртэй, өрөө төлөхийн оронд шийдвэр гүйцэтгэгчийг дарамталж, царцаасан нь л огцрох хангалттай шалтгаан юм.
Булган аймгийн “Уран тогоо”-нд хэдэн нөхдөө дуудаж, хор зуурч, Засгийн газрыг унагах кино зохиол бичээд дийлээгүй Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг мэдээд “Н.Учралын Засгийн газрыг унагаж болохгүй. Би түүнийг дэмжинэ. Харин мега төслүүдээ хурдан хөдөлгөх хэрэгтэй” гэж төрийн ордноос том, том ярьж явна. Л.Оюун-Эрдэнэ бол “Дарга аа, дарга аа, та бол цаанаасаа дарга” гэж пялдаганаж байгаад араас хутга шаахдаа гаршсан нэгэн. Байдал биш болонгуут тэс өөр юм яриад арьсаа хамгаалж чаддаг хамелеон хүн. Түүнийг ХЗДХ-ийн дэд сайд асан Д.Мөнх-Эрдэнэ “Л.Оюун-Эрдэнэ мэдлэг, боловсрол муутай ч муу юмандаа маш сайн хүн” гэж оношилсон нь энэ. Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нарын төрөөр тоглох кино зохиолын ачаар гэрт ойрхон хувийн сургуульд Кембрижийн хөтөлбөр эзэмших байсан 20 мянган хүүхдийн ирээдүй, 20 мянган гэр бүл хохирлоо. Ихэнх хувийн сургууль “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт хамрагдахгүй, хэтэрхий улстөржиж, үүнээс болоод сургуулийн нэр хүнд сэвтэнэ хэмээн татгалзжээ.
