img

13 ЖИЛИЙН ТУРШ НАС БАРСАН ОХИНЫХОО ХҮҮХДИЙН МӨНГИЙГ АВДАГ БАЙСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

img
Баян-Өлгий аймагт нас барсан охиныхоо бүртгэлийг хасалт хийлгэлгүй 13 жилийн турш хүүхдийн мөнгө болон бусад халамжийн мөнгийг авч байсан нэгэн жигшүүрт хэргийг 2024 онд тус аймгийн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүгдэгч С.Е нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн өөрийн төрсөн охин болох Е.Б-ийг 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан байхад Е.Б-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.647.00 төгрөгийг, мөн коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг Е.Б-ийн нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 6.947.000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас төрд 6.947.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгчээс 6.947.000 төгрөгийг гаргуулж Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын холбогдох дансанд шилжүүлж, хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна” гэжээ. Харин шүүгдэгч Е.С нь эхлээд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан ч заримдаар өөрийн бурууг төрийн буруу мэт болгож авирлаж байжээ. Гэтэл Е.С-ийн нөхөр болох Т.Е нь хууль зөрчиж байгаагаа маш сайн мэдэж байсан төдийгүй Дэлүүн сумын ИТХ-ын төлөөлөгч аж. Иймд тэднийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар, бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн хэмээн үзэх бүрэн боломжтой юм. Энэ талаар гэрч ийнхүү мэдүүлжээ. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Т.Е-ыг танина, нэг сумын залуугийн хувьд танина. Хамаатан садангийн холбоогүй, мэнд устай явдаг байсан залуу юм. Одоо Т.Е- нь манай Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ажилтай юм. Би Т.Е-тай өс хонзонгийн болон өр авлагын харилцаа байхгүй. Би энэ талаар Дэлүүн сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Х гэх залуугаас сонсож байсан. Х.Х нь надад Т.Е-ын охин Е.Б нь 2010 онд төрсөн охин байгаа юм. Уг Е.Б гэдэг охин 2012 онд нас барсан ба тухайн охины нэр дээр өнөөг хүртэл Т.Е нь хүүхдийн мөнгө авч байгаа гэж сонссон. Түүнээс өөр мэдэх зүйл алга. Би сонссон болохоос биш уг охины ажилд явдалд оролцоод явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлж байжээ. Мөн гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...уг Е.Б- гэх охины талаар мэднэ. Т.Е-ын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн охин байгаа юм. Миний мэдэж байгаагаар 2011 онд төрсөн гэж бодож байна. Т.Е- нь 3 хүүхэдтэй байсан. Е.Б- нь төрөөд 1 жилийн дараа буюу 1 настай байхдаа өөд болсон. Түүнээс хойш Т.Е нь уг охиныг нас барсны бүртгэлд огт бүртгүүлээгүй юм. Энэ талаар манай багийн иргэд бүгд мэднэ. Би уг охиныг нас барсныг мэдээд хүн амын тооллогод хасаж оруулсан байсан. Харин уг охиныг иргэний бүртгэлийн мэдээлэлд хасаж оруулаагүй байсан. Тухайн Е.Б нь нас барсан атлаа одоо мэдээллийн санд амьд байгаа мэтээр бүртгэгдэж байгаа хүүхэд юм...” гэж мэдүүлжээ.
Харин энэхүү хэрэг яаж илэрсэн нь тун сонин. Хүүхдийг нь нас барсан атал хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө авдгийг нь сум даяараа л мэддэг байжээ. Гэтэл нэгэн шударга иргэн хуулийн байгууллагад анх мэдээлснээр уг хэргийг шалгаж эхэлсэн аж. Энэ хэргийнхээ талаар Т.Е “...миний бие Дэлүүн сумын 4 дүгээр багт амьдардаг бөгөөд эхнэр болох С.Е-тэй гэр бүл болоод 15 гаруй жил болж байгаа. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй болсон ба Е.Б гэх охин манай 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Уг Е.Б гэх охин 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэндэлсэн бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр томуу хүрч, өвчний улмаас гэртээ буюу Д- сумын 4 дүгээр багт нас барсан юм” гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч С.Е-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд 6.947.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Е нь 2011 оны 7 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6.647.000 төгрөгийн хүүхдийн тэтгэмж, мөн мөн Коронавирусын үед буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн бүрт олгосон Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөгийг хууль бусаар авсан нь тогтоогдсон, мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь уг 6.947.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Е-гөөс 6.947.000 төгрөгийг гаргуулж, Нийгмийн халамжийн сан /хүүхдийн мөнгөн тэтгэмж/-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ