img

ХАНДИВТ ХАЗААР ХЭРЭГТЭЙ

img
Сүүлийн жилүүдэд Монголын нийгэмд нэгэн гаж үзэгдэл газар авч буй нь хандив. Хандив гэдэг бол сэтгэлийн их өглөг, хариу нэхээгүй хайр. Харин өрөвч зөөлөн монголчуудын сэтгэл, өөрөөсөө илүү бусдыг боддог сэтгэхүй дээр “тоглолт” хийдэг хүмүүс олширч байгаа нь харамсалтай. Уг нь сэтгүүлч хүний мэргэжил нийгмийн буруу тогтолцоог шүүмжилж, засч залруулахын төлөө олон нийтийн мэдэх эрхийг хангаж, шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдэд асуудлыг хүргэж, эргээд ард түмэндээ ажлынхаа үр дүнг тайлагнадаг байх ёстой. Гэвч манай улсад бүх салбар уруугаа харсан пирамид шиг болоод удаж буй бөгөөд нийгэмд “цэвэрлэгч”-ийн үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлзүйн салбар нь хүртэл зүг чигээ олохоо байтлаа мугуйдлах болжээ. Мэргэжилдээ хайртай, салбартаа дуртай сэтгүүлч хүн бол аливаа хандив тусламжийг уриалан оролцох бус нийгэмд хандивын асуудлыг хэрхэн зөв гольдролд нь оруулах эсэхийг эрх мэдэлтнүүдээс шаардаж, Эрүүл мэндийн яаманд төвлөрдөг гадаадад эмчлүүлэгсдэд олгох зардал мөнгийг хэрхэн зүй зохистой зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардаж байх ёстой билээ. Олон нийтийн сүлжээнд олон дагагчтай гэдгээрээ хуульгүй мэт аашилж, хэн нэгэнд давуу байдал олгож буй нь нийгмийг өөрчлөлт рүү бус нийт ард иргэдийг харанхуй ангал руу түлхэж буй хэрэг.
Хамгийн сүүлийн жишээг баримтаар өгүүлье. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дөнгөж төрсөн нярай охинд мэс засалд орж эдгэрэхэд нь туслахыг уриалж, нэг хоногийн дотор эмчилгээнд шаардлагатай 300 сая төгрөгийг цуглуулав. Хувь хүн талаасаа үнэхээр гайхамшигтай амжилт. Харин жаахан томруулж харвал энэ бол нэг хүнд тусалсан нь сайн хэрэг ч нийт иргэдийн эрх ашгийн эсрэг зогсч буй үйлдэл юм. Уг журмаараа бол Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчнөөр өвдсөн бол эмчилгээний зардлыг төрөөс даадаг хууль зүйн зохицуулалт бий. Иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, төр засгийн тусламж дэмжлэгийг авах ёстой болохоос ядарсан ард иргэдийнхээ хоногийн хоолноос хумсалж, хандив нэрээр хуйлруулж байгаа энэ зүй бус үйлдлийг хазаарлах хэрэгтэй байна. Ямар ч нийгэмд, ямар ч улсад их мөнгө хэл ам дагуулдаг нь зүй тогтол. Америкийн 70-аад оны нийгэмд өвчтэй хүүхдүүдэд хандив, тусламж үзүүлэхийг ялангуяа урлагийн хүмүүс нь уриалах болжээ. Ингэхдээ тэд өөрийн дансаар авах үзэгдэл нэг бус удаа гарсан бөгөөд энэ нь өвчтэй хүүхдүүддээ үнэхээр хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй байсан учир сэтгүүлчид энэ сэдвийг барьж сурвалжлага хийснээр цөөнгүй хууль бус үйлдлийг илчилж байжээ. Улмаар сэтгүүлчид нь мэргэжлийн эмч, судлаач, шинжээчдээс бүрдсэн сан байгуулахыг уриалснаар сангууд байгуулагдаж, тухайн санд өвчтэй, эсвэл төлбөр мөнгөгүйгээсээ болж сургууль нь завсардаж буй олон хүн хандсанаар эерэг өөрчлөлтийг авчирчээ. Тухайлбал, Билл Гейтс, Мелина Гейтс нарын байгуулсан сан нь дэлхийн эрүүл мэндийн боловсрол, анагаах ухааны нээлт, туршилтанд зориулж сангийнхаа хөрөнгийг зарцуулдаг бол GoFundMe сан нь маш олон хүнд амьдрал, итгэл найдвар хайрлажээ. Энэхүү сан нь 2010 онд АНУ-ын Сан-Диего хотод Брэд Дэмпоус болон болон Энди Баллестер нарын үүсгэн байгуулсан компани юм. Анхны санаа нь спортын баг, клуб зэрэгт мөнгө босгох боломж өгөх байжээ. Харин хүнд хэцүү үед хүмүүс бие биедээ туслахыг хүсдэг болохыг тэд анзаарч, сангийнхаа үйл ажиллагааг өргөн хүрээтэй болгожээ. Тиймээс GoFundMe-ийн үндсэн санаа нь “Нэг хүнд том мөнгө өгөх нэг хүн хайхаас илүү олон хүн бага хэмжээгээр тусалбал нэг хүнд маш их дэмжлэг болж чадна” хэмээн үздэг. Эхэндээ жижигхэн хувийн санхүүжилтийн сан байсан бол одоо өвчтэй хүний эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, осол, гамшгийн хохирол, оршуулгын зардал, боловсрол, амьтны тусламж, байгалийн гамшиг гэх мэт олон салбарт тусаа хүргэж байна. Одоогоор энэ санд өргөл өгөх нь нээлттэй бөгөөд харин тус сангаас дэмжлэг авч буй 20 гаруй улс байдаг ч манай улс хараахан бүртгэгдээгүй байгаа аж. Хэрвээ манай улс энэхүү боломжийг ашиглаж тус сантай хамтран ажиллахаар болбол дэлхий даяар өвчтэй эсвэл боловсролд нь мөнгө хэрэгтэй байгаа зэрэг тусламж дэмжлэгийг авах боломж нээгдэх юм. Сэтгүүлчид нь тус санд өвчний түүхээ байршуулж, нэрсээ оруулсан хүмүүсийн тухай түүхийг олон нийтэд хүргэж, уриалдаг. Сэтгүүлчид зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж, тухайн хүүхэд болон хүмүүс ямар өвчнөөр өвдөж, эмчилгээнд нь хэдэн төгрөг хэрэг болж байгаа, одоо эмчилгээний зардал хэрхэн явцтай байгааг эмч, сэтгэлзүйч болон сангийн ажилтнуудаас ярилцлага авч хүргэдэг. Тус сангийн хувьд олон нийтэд нээлттэй сан бөгөөд хэрвээ хэн нэгэн хүнд зориулж хандив өргөж байгаа бол нэрийг нь бичиж илгээх ба хэдэн доллар өгсөн нь ч нээлттэй харагддаг. Товчхондоо хэнд хандив өгснөөсөө шалтгаалж, хандив өргөгч нь хамтдаа эдгэрч, хамтдаа баярладаг. Мэдээж, цөөн тохиолдолд хамтдаа уйлдаг. Үүнтэй яг адил зарчим Японы сэтгүүлзүйд үйлчилдэг. Японы сэтгүүлчид нь ийм өвчтэй хүүхэд байна хэмээн тухайн хүүхэд болон ар гэрийнхнээс ярихаас илүүтэй эмч нарын үгийг нийгэмд хүргэдэг. Эмч хүн өвчтөнийхөө эдгэрэх боломж, эмчилгээний зардал зэргийг ярих болохоос өвчтөн болон ар гэрийнхэн нь дур мэдэн ярьдаггүй, харин ч бүр хориглодог. Гэтэл манай улсад бүх зүйл эсрэгээрээ эргэж, эмчийн мэдлэгээс давсан сэтгүүлч, өвчтөнүүд бий болж, өвчнөө эмчлүүлэхийн тулд өрөвдүүлэх аргыг сонгох болов. Нулимсаараа нүүрээ угааж, өвчин зовлонгоо дөвийлгөж, өврөө түнтийлгэдэг хүмүүс олон болж буй нь үүний баталгаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зохион байгуулсан Б.Хүслэнгоо охины аав ээж 300 сая байтугай мөнгийг өөрсдөөсөө гаргах амьдралын боломжтой байсан нь нэгэнт ил боллоо. Хүүхэд өвдөх нь бүү хэл халуурч бүлээрэхэд нь хамгийн сайн эмийг залдаг байхад хандив авсан эдгээр хүмүүс хөөрхий жаахан охиндоо хөрөнгө мөнгөө зарлагадахаасаа хойш суусан нь хачирхалтай. Түүгээр ч барахгүй манай улсын урдаа барьдаг, зүрхний мэс заслын эмч Б.Болдсайхан эх орондоо эмчлэгдэх боломжтой өвчин, мэс засалд ороход хугацаа жаахан шаардлагатай байсныг ч хэлж, үнэнийг илчлэв. Харин тэд ямар зорилгоор яаран сандран хандив авсан нь хуулийн байгууллагын шалгах асуудал болж хувирах вий дээ. Энэ явдлаас мөн л сар гаруйн өмнө эцэг эхээ ослоор алдаж, харласан буурин дээрээ өнчирч хоцорсон дөрвөн хүүхдэд монголчууд сайхан сэтгэлээ дэвсч, хагас тэрбум төгрөгийг цуглуулж өгснөөр хотын төвд хоёр ч байртай болж амжсан. Харж хандах хүнгүй, хар буурин дээрээ хоосон хонож, айл айлаар хэсч толгой хоргодож яваа хэмээн өрөвч монголчуудын сэтгэхүй дээр гулгаж тэшсэн өнөөх дөрвөн хүүхдийн өвөө эмээ нь амьд төдийгүй ах дүү арав гаруй өнөр өтгөн ураг удам байсан нь шинэхэн байрны найран дээр ширээ эзэгнэн сууж илчлэгдсэн билээ. Иймд үүнээс хойш хүүхэдтэй холбоотой хандив тусламжийн асуудал дээр нийтээрээ хэрсүү байж, хүүхдэд бус “хэнд” өгч буйгаа бодолцох хэрэгтэй боллоо. Мөн нөгөө талаасаа хэн нэгэнд зориулж олон дагагчтай сэтгүүлч, дуучин, жүжигчин хандив өгөхийг уриалах бус нэгдсэн нэг сантай болж, тэрхүү сангаас шаардлагатай зардлыг гаргаж байх тогтолцоо рүү шилжиж, хандивыг хазаарлах цаг болсныг дээрх үйл явдлууд харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ