Монгол Улс дахь Хэрлэн тохойн газрын тосны талбайд болсон халдлагын дараа Бээжин Монгол дахь ЭСЯ-ны ажилтнуудынхаа хамгаалалтыг чангатгахаар болжээ. Энэ талаар өнөөдөр "South China Morning post" сонинд сэтгүүлч Alcott Wei-гийн нийтэлснийг орчуулан хүргэж байна.
"Монголын хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн баасан гарагт жагсагчид Хэрлэн тохойн XXVIII талбайн газрын тосны хайгуулын бүсэд очиж, Mongolia Foison Energy компанийн хайгуулын ажлыг зогсоохыг оролдсон байна. Тэд болсон үйл явдлыг шууд дамжуулсан бөгөөд олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгт хоёр эмэгтэй Хятадын ажилчдын эд зүйлсийг газар дээр хаяж байгаа нь харагджээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, уг үйл явдалд оролцсон Монголын хоёр иргэнийг саатуулсан байна. Хятадын ЭСЯ-ны мэдээлснээр, Хятадын хэргийг түр хамаарагч Цао Ли өнөөдөр болсон уулзалтын үеэр Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвт уг явдалд “ноцтой санаа зовниж” байгаагаа илэрхийлсэн байна.
Улмаар Улаанбаатар дахь Элчин сайдын яам мэдэгдэлдээ
“Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, мөн Хятадын ажилтнуудын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах бодитой арга хэмжээг үргэлжлүүлэн авч, үүнтэй төстэй үйл явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэжээ. Элчин сайдын яамны мэдээлснээр, Б.Дашпүрэв уг үйл явдалтай холбоотойгоор уучлалт хүссэн бөгөөд Монгол Улс Хятадын компаниудын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг үл тэвчих болно гэж мэдэгдсэн байна. Мөн Б.Дашпүрэв "Ийм үйлдлүүд нь Монгол Улсын үндэсний ашиг сонирхол болон эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулж байна" гэж тодорхойлсон бөгөөд цагдаагийн байгууллага шалгалт эхлүүлж, уг үйл явдалд оролцсон хүмүүсийг саатуулсан болохыг уулзалтын үеэр хэлжээ.
Mongolia Foison Energy нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани хэлбэрээр бүртгэлтэй бөгөөд Хонконгод бүртгэлтэй Foison Energy Holdings Limited компанийн эзэмшилд байдаг. Тус компани Монголын Засгийн газартай 2024 онд Хэрлэн тохойн XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бөгөөд найман жилийн хугацаанд хайгуулын ажилд ойролцоогоор 50 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэхүү үйл явдал нь байгалийн баялагтай холбоотой өөр нэгэн эсэргүүцлийн ажиллагаа Хятад руу чиглэсэн экспортод саад учруулснаас хоёр сарын дараа болсон байна. Өнгөрсөн зургаадугаар сард “Монголын эрс шинэчлэлийн хөдөлгөөн” хэмээх бүлгийн гишүүд Рио Тинтогийн хяналтад байдаг Оюу Толгой уурхайн зэсийн баяжмалыг Хятадын хил рүү тээвэрлэдэг замыг хаажээ. Тэд уул уурхайн орлогоос Монголын ард иргэдэд илүү их хувь хүртээхийг шаардсан байна. Далайд гарцгүй Монгол Улс газрын тосны импортоос ихээхэн хамааралтай. Тус улс олборлосон түүхий газрын тосныхоо бараг бүхнийг Хятад руу экспортолдог бол боловсруулсан газрын тосныхоо 95 гаруй хувийг ОХУ-аас авдаг байна. Монгол Улс Хятад болон ОХУ-ын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор “гуравдагч хөршийн бодлого” хэрэгжүүлж, АНУ, Япон, Энэтхэг зэрэг бусад улстай харилцаагаа ойртуулахыг зорьж ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс тээврийн холбоо болон ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байгаа боловч үр дүн нь харилцан адилгүй байна. Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ нь 1956 оноос хойш хоёр улсын хооронд шинээр баригдаж буй анхны төмөр замын холболт болж байна. Харин ОХУ-ын байгалийн хийг Монголоор дамжуулан Хятад руу хүргэхээр төлөвлөж буй “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл нь хоёр орны хооронд хорин жилийн турш яригдсан ч одоог хүртэл гацаатай хэвээр байна" гэжээ.
