Төрийн том албан тушаал хашдаг дарга, УИХ-ын гишүүд, сайд нар л амныхаа зоргоор хүн гүтгэж, нийгмийг бужигнуулж явна. Өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Их засаг кингс сургууль 7.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авч өгөөч гээд хүсэлтээ өгчихсөн байгаа. Миний толгой мөрөн дээр байгаа цагт нэг ч хувийн сургуулиудад хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж авч өгч чадахгүй. Эрх зүйн хувьд боломжгүй. Би ер нь шулуун шударга, хэнээс ч айдаггүй ийм л хүн байгаа юм” мэтээр өөрийгөө рекламдаад “шүгэл” үлээжээ. Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн үгэнд итгэсэн сэтгүүлчид, үүнийг нь өлгөн авч “Ерөнхий сайд Н.Учрал аавынхаа Их Засаг дунд сургуульд татвар төлөгчдийн мөнгөнөөс 7-9 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж авч өгөх гэж байна” гээд л шуурав. Төд удалгүй “Их засаг кингс” сургуулийн захирал Ж.Цэцэгмаа “Манай сургууль болоод миний зүгээс БШУ-ны яаманд тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хүссэн хүсэлт албан бичиг өгөөгүй. Ер нь манай Их засаг хувийн сургууль үүсэн цагаасаа Боловсролын яамнаас хөрөнгө мөнгө гуйж байгаагүй. Өөрсдийн хүч хөрөнгөөр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир та манай сургуулиас тоног төхөөрөмж авч өгөхөөр явуулсан хүсэлтийг үзүүлнэ үү?” гэжээ. Мөн “Их засаг кингс” сургуулиасаа албан ёсны мэдэгдэл гарч, Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг албан ёсоор уулчла гуйхыг шаарджээ. Гэтэл хэдхэн цагийн өмнө Их засаг сургуулийн удирдлагуудыг сүнсгүй гүжирдэж байсан Т.Ням-Очир,
-Би тэгж хэлээгүй. Сэтгүүлчид миний яриаг мушгиад буруу мэдээлэл тараасан байна. Манай яамны зүгээс хувийн дөрвөн сургуульд тоног төхөөрөмжийг нь сольж өгье гэсэн хүсэлт өгсөн. Түүний нэг нь Их Засаг кингс сургууль. Гэвч Их Засаг кингс кидс сургууль тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт авах саналаас татгалзсан” гээд тэс өөр юм яриад зогсож байх юм. Хэрэвзээ аль нэг их сургууль, эрх бүхий албан тушаалтанг сэтгүүлчид ингэж хэлсэн бол шүүх юм уу харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс дээр чулуу няслаад сууж байх байлаа. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир улстөрийн зорилготой худал мэдээлэл сэтгүүлчдэд санаатай таараачихаад тэр нь хэдхэн цагийн дараа баригдахаараа хэлсэн үгнээсээ буцаад сэтгүүлчид буруутай болоод өнгөрөх нь ээ. Монголд хууль гэж байдаг бол Т.Ням-Очирт бусдыг гүтгэсэн үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
