-НИЙСЛЭЛИЙН ЗАМ,
ГҮҮРИЙН “МАФИЙН” ТОЛГОЙЛОГЧ Б.ОДБАЯР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ХЯТАДУУДАД ӨГӨХ АЖЛЫГ
ГАРДАН ГҮЙЦЭТГЭЖЭЭ-
Туулын хурдны зам барих асуудал Ерөнхий сайд Н.Учралын хараа хяналтаас мултарсангүй. Тэрээр Туулын хурдны замын асуудлаар мэргэжилтнүүдийн үгийг сонсч, зөв дүгнэлт гаргах хүртэл зогсоож буйгаа мэдэгдсэн. Харин энэхүү шийдвэрт Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн замын бүлэглэлийнхэн тун их бухимдаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нийслэлийн орлогч дарга Т.Даваадалайн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн бөгөөд түүнийг 48 цагаар хойшлуулшгүй ажиллагаар баривчлан саатуулаад байгаа билээ. Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь БНХАУ-ын ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн судлаачаар 10 гаруй жил ажилласан байна. Түүний ажилладаг БНХАУ-ын ШУА-ын Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нь Туулын хурдны зам төслийн "Шинэ тойрог зам" төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээнд 15.8 тэрбум төгрөгийн гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр байгуулсан байна. Мөн эхнэрийнх нь нэр шилжүүлсэн гэх “Авангард Уран Дизайн энд Инженеринг” ХХК нь Метро төслийн тендерийн II шатанд шалгарсан дотоодын гурван компанийн нэг ажээ. Баригдаагүй, тэр ч байтугай төсөл нь зарлагдаагүй байхад зөвлөх үйлчилгээний нэрээр 15,8 тэрбум төгрөг “цусалчихдаг” энэ том толгойтой хүүхний ард мэдээж нийслэлийн замын бүлэглэлийнхэн байгаа билээ.
Туулын хурдны зам
хэмээх төсөл үнэндээ асар их мөнгө угаалт болох нь алхам алхмаар ил болж байна.
Хонгконгийн “Хаоюань” гэх хаа ч байхгүй, зам гүүр барьсан ажлын туршлагагүй
компанид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр энэ том төслийг өгсөн нь гайхмаар. Уг
нь энэ төслийг анх зарлагдахад дотоодын компаниуд консорциум болж орох хүсэлтээ
ирүүлэхэд цогцоор нь шийдэх учир нэг компанид олгоно хэмээн нийслэлийн хурган
албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа ашигласан байдаг. Харин манай
улсын зам, гүүрийн компаниудын хувьд чанартай хийж чадах ч дангаараа өнөөдөр 2
их наяд төгрөгийн ажил авах үндэсний компани хараахан бий болоогүй байгаа.
Тухайн үедээ ч зарим нэгэн компанийн
захирлууд энэ талаар дуугарч байсан ч амжилт олоогүй билээ. Харин тэд цогцоор
нь өгнө гэсний цаана хятадуудтай
хамтарсан мөнгө угаалт байж болзошгүй баримтыг дэлгэж байна. Анхнаасаа сонгон
шалгаруулалтгүй давуу эрхтэйгээр өгсөн
компани аль хэдийнэ урьдчилгаа хэмээн 500 тэрбум төгрөг авсан болох нь
илчлэгдлээ. Туулын
хурдны замын ерөнхий гүйцэтгэгч Чайна Хувэй компани нь хуурамч баталгаа өгөөд
500 тэрбумын урьдчилгаагаа аль хэдийнэ авчихсан байна. Банкны
баталгаа ирүүлэх ёстой байтал сураггүй хувийн компанийн нэртэй баталгаа өгч
хулхиджээ. Ийнхүү алхам алхмаар булай нь илчлэгдэж байгаа энэ
төслийн цаана бүхэл бүтэн зам гүүрээр дагнасан бүлэглэл байгааг баримтаар
өгүүлье. Зам гүүр барих нэрээр завшиж
иддэг бүлэглэлийнхэнд хариуцлага тооцохыг хууль хяналтын байгууллагаас хүсч
байна. Ингээд баримт руугаа оръё.
Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой Яармагийн гүүрийг тойрсон авлига, албан тушаалын хэргийг өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага шалгаж мухарлахгүй байгаа нь хачирхалтай. 2022 онд тендер нь зарлагдсан цагаасаа л албан тушаалтнуудын гар хөл оролцсон нь тодорхой болж байсан юм. Нийт 780 метр бүхий дөрвөн хэсэг бүхий төмөр бетонон гүүрийг барихад 78,9 тэрбум төгрөгийн тендер зарлахад “Мотор сервис” ХХК нь “мотордуулсныхаа” хүчээр ялж байжээ. Учир нь энэхүү тендерт 5 компани өрсөлдөж, хоёр компани нь “Мотор сервис” ХХК-иас бага үнийн санал өгсөн байхад тэдний санал үнээс даруй 2,8 тэрбумаар илүү үнэ хэлсэн “Мотор сервис” ХХК-д өгсөн нь анхнаасаа тус компанид өгөх тохиролцоо хөшигний ард аль хэдийнэ хийгдсэн гэж хардахад хүргэж байгаа юм. Гэхдээ “Мотор сервис” компани 77,8 тэрбум төгрөг нь чамлалттай санагдсан бололтой, элдэв янзын нэмэлт зардал нэхсээр эрхэлж байсан баримт нотолгоог Нийслэлийн дотоод аудитын холбооноос шалгаж тогтоосон байдаг. Харамсалтай нь энэ гүүрийн талаар шалгаж, үнэнийг илчилсэн аудиторыг албан тушаал бууруулж, амыг нь хаасан билээ. Гүүрийн эхлэл болон төгсгөлд хийгдэх газар шорооны ажлын санхүүжилт болох 741,743 сая төгрөгийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалан нар “Тотал инж” ХХК болон “Мотор сервис” ХХК-д давхардуулан олгожээ. Долоон зуун мянга биш бүхэл бүтэн 700 сая төгрөг давхардуулан олгож байгааг санаатай үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчилд нь ямар ч хариуцлага тооцоогүй учир тэд даварсаар өнөөдрийг хүртэл “Мотор сервис” компанид элдэв нэмэлт зардал нэрээр их хэмжээний мөнгийг удаа дараа шилжүүлсээр байгаа нь хачирхалтай. Газар шорооны ажлыг "Тотал инж” ХХК гүйцэтгэх гэрээтэй атал ямар учраас “Мотор сервис” ХХК руу шилжүүлээд, төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан тус компани өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан төлөхгүй байхад хариуцлага тооцохгүй даврааж байгаагийн цаана хэн гээч эрх мэдэлтэн тэднийг хаацайлж байна вэ?

Анх 2022 оны тавдугаар сарын 20-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Мотор сервис” ХХК-тай гэрээ хийхдээ гүүрийн барилга угсралтыг “Мотор сервис” ХХК, авто замын барилга угсралтыг “Тотал инж” ХХК хийж гүйцэтгэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Удаа дараа шалтаг тоочиж, гэрээгээ зөрчиж, “Мотор сервис” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж хойшилсоор хоёр жил гаруйн дараа нээлтээ хийжээ. Гэвч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд хүлээлгэж өгөлгүй, нэмэлт зардлууд нэхэмжилсээр суудаг гэнэ. Бүр болоогүй, 780 м гүүрээсээ 150 м гүүр нь сох дутчихсан аж. Гэтэл төсөвт өртгөө тооцоолж гаргаж өгөхдөө 17 тэрбум төгрөгийн тооцоог гаргаж өгсөн баримт нь байсаар байхад харин гүүр нь ор сураггүй алга болчихсон нь гайхалтай. Зам гүүрийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, дөрвөн хэсэг бүхий 780 метр урт төмөр бетонон гүүр нь хоорондоо салшгүй холбоотой хийгдэх бөгөөд ийнхүү 150 м нь ор сураггүй алга болсон нь гайхшийг нь барж байгаа гэнэ. Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр бол Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 78,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 780 метр урт гүүр барих тендерийг 2022 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх уг тендерт 5 компани өрсөлдсөнөөс “Мотор сервис” ХХК шалгарсан ч ажлаа бүрэн хүлээлгэж өгөлгүй, элдэв шалтаг хэлж, хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ. Хамгийн ноцтой нь, анх дөрвөн хэсэг бүхий 780 метр урт гүүр барихаар тооцооллоо ирүүлж, тендерт шалгарсан атлаа өнөөдөр 483 метр урт гүүр хүлээлгэж өгч, 17,7 тэрбум төгрөгөөр хийх ёстой 150 метр урт гүүр нь хаашаа алга болсныг хэлэх хүн олдсонгүй. Энэ талаар эрэн сурвалжилж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад "Магадлалыг нь харахаар 780 м урт гүүр гэж байгаа боловч зураг төслийг нь харахаар 483 м урт гүүр болчихож байгаа юм. Тухайн үед замын урд хэсэгт явж буй трасс нь өөдөө тэмүүлэх гүүрийн трасстай давхцсан учраас тэр гүүрийг түр замаар шийдээд, тэгж байгаад гүүрийн асуудлыг оруулж ирнэ гэсэн яриатай байсан юм билээ” гэж сэтгүүлчдэд өөрийн амаар хэлж байсан удаатай. Гэтэл тендерийн шалгуурт зааснаар, 780 м урт гүүр нь 391 м, 150м, 54 м, 36 м урт дөрвөн хэсэг бүхий төмөр бетон гүүр бөгөөд энэ нь ч гүүрийн зураг төслийг гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийн экспертизийн дүгнэлт болон Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус баталгаажиж байгаа юм. Энэ тооцооллын дагуу ч тендер зарлагдаж, улмаар “Мотор сервис” ХХК шалгарсан аж. Энэ талаар уг гүүрийн зураг төслийг нь гүйцэтгэсэн ГБЭТ ХХК-ийнхан ч гомдолтой явдаг. Тус компанийн захирал Г.Эрхэмбаярын хэлснээр, магадлалын экспертизийн дүгнэлт гарч, экспертиз батлагдсан бол эцсийн шийдвэр аж. Гэтэл тус компаниар 780 м урт 4 хэсэг бүхийн гүүрийн зураг төсөл хийлгэчихээд дундаас нь 150 м урт гүүр алга болсныг тэд ч гайхдаг аж. Хэрвээ өөрчиллөө гэхэд дахиж зураг төслөө шинээр гаргуулаад магадлалын ерөнхий дүгнэлтээ дахин гаргуулах ёстой аж. Нэгэнт магадалын ерөнхий дүгнэлт гарсан тохиолдолд зам гүүрийн компани нь зураг төсөлд өөрчлөлт хийх эрх байхгүй. Гэтэл “Мотор сервис” ХХК-ийн өөрчилж барьсан гүүрээс болж, 2023 онд яг тэр алга болсон 150 м урт гүүрийн тэр хэсгээр үер орж иржээ. Хэрвээ анхнаасаа зураг төслийн дагуу хийсэн бол ийм хохирол амсахгүй байх бүрэн боломжтой аж. Б.Одбаяр тэргүүтэй замын бүлэглэлийнхний цаасан дээрээс алга болчихсон 150 м урт гүүр нь үер уснаас хамгаалах, мөн шугам сүлжээг гүүрээр гаргах зориулалт бүхий маш чухал ач холбогдолтой гүүр байсан аж.
Ийнхүү дундаас нь
бүхэл бүтэн гүүр идчихсэн бүлэглэлийнхэн хэл амтайхан нээлтээ хийсэн Яармагийн гүүрээс ийнхүү 17,7
тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 м урт гүүрийг алга
болгочихоод байхад эрэл сурал тавьж
буй эрх мэдэлтэн алга. Ийнхүү нэг гүүрийн ажлаас 1,5 тэрбум
төгрөгөөр нь идэж, амташсан нөхөд дараагийн гүүрээ “идэхээр” ханцуй шамлан
орсон нь Туулын хурдны зам боллоо.
Хэрвээ тэр үед Х.Нямбаатар, Б.Одбаяр, Т.Батбилэг, Н.Доржбат тэргүүтэй
замын мөнгийг замаас нь иддэг бүлэглэлийнхнийг зайлуулсан бол өнөөдөр Туулын
хурдны зам ном ёсоороо урагшлах байв. 780 м урт гүүр барихаас 150 метр гүүрийг
нь ажиггүй идчихсэн эдгээр нөхөд 32 км замаас гудийх ч үгүй хусах нь
ойлгомжтой. Тэдэнд Туулын хурдны замаас идэх мөнгө нь чухал болохоос бус иргэд
амьсгалах мод, амьтад уух усгүй болох нь огтхон ч хамаагүй. Ийм л мөнгөнд
нүдээ, сэтгэлээ сохолсон нөхдөөс болж их наядаар яригдаж буй төсөл зогсоход
хүрлээ. Эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө бус их ашгийн төлөө явж буй Б.Одбаярыг
барьж хорих цаг боллоо. Т.Даваадалай гэхээс илүүтэй замын “мафийн” судсыг атгаж
буй Б.Одбаярыг барьж хоривол бүх юм тодорхой болно. Энэхүү баримт болгон оруулж
буй зураг дээрээс харахад ямар ч ажлын туршлагагүй хятад компанитай холбох,
зуучлах ажлыг Б.Одбаяр урд хөршид хийж явсан нь батлагддаг юм.
