Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А.Амина охин сураггүй болоод 14 хоносны дараа хөрш айлын гэрийн эзэн М.Даделхан эхнэр болон хүүгийнхээ хамтаар бүлэглэн амь насыг нь хөнөөж, улмаар охины цогцсыг шатааж, шороонд булсан болохыг нотлох баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ. Тэд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, охины цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэрэгтнүүд эхний мэдүүлгээрээ “Охин бидэнтэй ногооны талбай руу явсан. Трактораас холбоотой газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй трактораараа дайрсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж, ногооны талбайдаа булсан” гэж мэдүүлээд, цогцсыг нуусан газраа цагдаад зааж өгчээ. Тэрээр нэгэнт хэрэг нь илчлэгдсэн тул ганцаараа хэргээ үүрэхээр шийдэж, “Тракторыг миний хүү биш би жолоодож явсан” гэж гүрийж эхэлсэн. Хамгийн сэжигтэй нь, А.Амина охиныг шороонд булчихаад тэр шөнөдөө М.Далелханы хүү Д.Чингис тарвасаа ачаад хот руу явсан байдаг. Ингээд хэд хоног тарвасаа борлуулчихаад буцаж очиход нь цагдаагийнхан сэжүүр олж, эцэг хүү хоёрыг тус тусад нь байцааснаар нотлох баримтыг олсноор тэднийг цагдан хорьсон билээ. Мөн хэргийг мэдсээр байж нуун далдалсан хэмээн М.Даделханы эхнэрийг мөн хорьсон. Харин энэхүү хэргийг УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Гэвч уг хэргийг бүлэглэн үйлдсэн тэд охины амийг санаатай хөнөөгөөгүй, санамсар болгоомжгүй байдлаар хөнөөсөн хэмээн хөнгөн ял авахаар улайрч эхэлжээ. Хэдийгээр санамсар болгоомжгүй байдлаар амийг нь хөнөөсөн байж болох ч тэд хэргээ нуун далдалж, цогцсыг шатааж, газарт булсан үйлдэл нь хүний санаанд оромгүй харгис үйлдэл билээ.
