Монголын орчин цагийн соёл, урлагийн түүхэнд нэгэн гэр бүлээс төрөн гарч, үндэсний цирк, театр, киноны тулгын чулууг тавилцсан ах дүү хоёр бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ламжавын Ванган болон Ардын жүжигчин Ламжавын Нацаг нар юм. Тэдний амьдрал, уран бүтээлийн замнал нь ХХ зууны Монголын урлагийн сэргэн мандалт, бүтээн байгуулалттай салшгүй холбоотой.
Тэдний аав Шүүх яамны сайд, Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байгаад 1937 оны их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн баривчлагдсан бол ээж нь ч мөн хилс хэргээр хоригджээ. "Эсэргүүний хүүхэд" хэмээн адлагдаж, сургуулиасаа хөөгдөн, орон гэргүй хоцорсон өнчин хоёр хүү нэг хэсэг айл айлын хаяа бараадан хүнд бэрхийг туулсан ч өөрсдийн авьяас билэг, хөдөлмөрч хичээнгүй чанараараа урлагийн их замд хөл тавьсан түүхтэй. 1930-аад оны сүүлчээр Монголд мэргэжлийн циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэх түүхэн үйл хэрэг эхлэхэд ах дүү хоёр анхдагчид нь болсон юм.
Л.Нацаг нь багаасаа биеийн тамир, гимнастикт гойд авьяастай, толгой дээрээ тогтох, годройтох хөдөлгөөнийг гарамгай хийдэг, мөн утсан хөгжим чадварлаг тоглодог хүү байжээ. 1936–1938 онд Ж.Раднаабазар, Д.Гомбо нарын хамт ЗХУ-ын Москва хотын Бүх холбоотын циркийн сургуульд суралцан төгсөж, 16-хан насандаа мэргэжлийн циркчин болж эх орондоо иржээ. 1938 оноос Улсын төв театрын циркийн ангид, улмаар 1941 онд Улсын цирк байгуулагдсан цагаас эхлэн 40 гаруй жил жүжигчин, алиалагч, багш, найруулагч, уран сайхны удирдагчаар тасралтгүй ажилласан. Тэрбээр монголчуудын уламжлалт тоглоом наадам, ахуй соёлыг циркийн үзүүлбэртэй уялдуулан баяжуулахад онцгой хувь нэмэр оруулжээ. Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1978–1981 онд төрөлх Завхан аймгийнхаа Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дэргэдэх Ардын циркийн багшаар ажиллаж, жирийн ажилчин, сурагчдаас мэргэжлийн түвшний уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан гавьяатан юм.
Харин ах Л.Ванган нь циркээс театр, кино руу тэмүүлсэн сод авьяастан байлаа. Л.Ванган ЗХУ-ын Улаан-Үдийн монгол рабфакт суралцаж байгаад 1941 онд циркийн жүжигчдийг бэлтгэх студийг дүүгийнхээ араас дүүргэжээ. Улсын циркт жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж, анхны циркийн хөтөлбөрүүдийг найруулан тавих, хошин гараа, үзүүлбэрүүдийн зохиолыг бичих ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Циркээс урлагийн гараагаа эхэлсэн Л.Ванган хожим ЗХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг (ГИТИС) найруулагч мэргэжлээр төгсөж, Монголын театр, киноны урлагт шинэчлэл хийсэн бичгийн болон тайз дэлгэцийн их мастер болсон юм. Тэрбээр хүний дотоод сэтгэл зүй, нийгмийн зөрчлийг хурц тод, хошин егөөтэй хэлээр илэрхийлдэг онцлогтой байв. Түүний бичсэн "Эмч нар", "Тожоо жолооч", "Урагшлах замд" "Хувиа бодогч" "Арвай хээрийн талд", "Эзэд" зэрэг жүжгүүд нь Монголын драмын театрын алтан сан хөмрөгт үүрд үлдсэн. Мөн бидний сэтгэлд хоногшсон "Сэрэлт" , "Түмний нэг" , "Хүний мөр" "Өглөө" , "Тэмцэл" зэрэг шилдэг уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулжээ. Улсын хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж байхдаа хойч үеийн олон арван жүжигчин, найруулагчийг сурган хүмүүжүүлжээ.
