УИХ-ын гишүүн Х.Баттулга 1997 оны намар нууцаар 17 чингэлэг спирт оруулж ирсэн нь илэрсэн. Тухайн үед ЦЕГ-ын даргаар Ч.Амарболд генерал ажиллаж байсан бөгөөд уг хэрэгт нэлээд хяналт тавьж ажиллажээ. Тухайн үед Ховд, Говь-Алтай, Хавиргын боомтоор хятад спирт хууль бусаар оруулж ирдэг гэмт хэрэг нийгэмд нэлээд газар авсан. Хятад спиртийн хэрэгт олны танил одууд, УИХ-ын гишүүд, бөхчүүд тэдэн дунд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хүртэл цагдаад шалгагдаж байсан аж. Тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан хүртэл хятад спирт хилээр хууль бусаар орж ирдэг бүлэглэл, тэднээс авилгал авдаг гааль шалган нэвтрэхийн ажилтнуудтай хатуу тэмцэх үүргийг цагдаа, тагнуулын байгууллагад өгч, шахаж шаардаж байсан үе.
Мөн онд Монгол Улсын хил, төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч бүрдүүлэлтээр 340 тонн спирт болох нь тогтоогдон Төмөр замын Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн “Blade” компаний захирал Х.Баттуул /Х.Баттулгын төрсөн дүү/, “Black Morgan” компаний захирал Д.Бадамдорж, Б.Баярсайхан, эрүүгийн элемент “Тонтого” хочит Ж.Бат-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Хэрэг шалгагдаж байх үед 1997 оны 10-р сарын 5-ны шөнө УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэн хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон байдаг. Энэ хэргийн араас Ч.Амарболд генерал хүн хүч хаяж, цаад эзнийг Х.Баттулга болохыг олж тогтоосон. Тухайн үеийн хэвлэл мэдээлэл ч шуугиад эхэллээ. “Женко” Х.Баттулгыг цагдан хорих тогтоолд прокурор гарын үсэг зурсан өдөр тэрбээр Сингапур луу оргон зугтаажээ. Нэг үгээр Х.Баттулга төрсөн дүү Х.Баттуулдаа хамаг хэргээ тохчихоод чимээ алдарсан байдаг. Энд нэгэн ноцтой зүйлийг ярихад “17 тонн чингэлэг спиртний хэрэг”-ээр Үндэсний телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг нэвтрүүлэг хийжээ. Энэхүү нэвтрүүлэг монтажнаас эфирт шилжих өдрийн урд өдөр нь нэвтрүүлгийн хуурцаг Монголын Үндэсний телевизээс /МҮОНТ/ гэнэт алга болсон. Тухайн үед Х.Баттулгын гар хөл болж явсан “Нохойн орон” киноны найруулагч Д.Төрмөнх тус телевизид ажиллаж байв. Д.Төрмөнх нь телевизээс 17 тонн спиртний хэргийг эрэн сурвалжилсан нэвтрүүлгийн хуурцгийг хулгайлах комбинацийг зохион байгуулсан нь хожим мөрдөн байцаалт, гэрч, хамжигч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Телевизийн “Тэхийн зогсоол” буюу уран бүтээлчид цуглаж, шараа сэмхэн тайлчихаад бутардаг хоёр давхрын том зааланд хавтгай архидалт зохион байгуулав. Орсон гарсан хүн болгоныг Д.Төрмөнхийн даалгавраар тус телевизийн туслах найруулагч хоёр залуу архиар шахна. Телевизийн кофед дуртай хүнээ оруулан дайлж цайлан архи дарсаар дайлан, сүүлдээ найр наадам болон өргөжив. “Загалмайлсан эцэг”-ийн даалгавраар телевиз дотор хөл толгойгүй архидалт, зодоон нүдээн зохион байгуулж ар хударгаар нь нэвтрүүлгийн кассет хулгайлах нууц ажиллагаа байжээ. Гэвч комбинац амжилтгүй болж Женкогийн гар хөл амархан баригдсан түүхтэй. Телевизээс 30 гаруй хүн эрүүлжүүлэгдэж, тэндээс 11 хүнийг 72 цаг саатуулан 5 уран бүтээлчийг Ганцхудагийн төв мөрдөнд цагдан хорив. Найруулагч Д.Төрмөнхийг Төв аймгийн мөрдөнд цагдан хорьж, тэрбээр УИХ-ын хүний эрхийн дэд хорооний дарга гишүүн Б.Дэлгэрмаад гэм нүглээ ухаарсан уртаас урт захидал бичиж, уг захидал 2018 оны нэгдүгээр сард “Хөх толбо” сонинд гарч байв. “Херо” хар технологийн эхлэл нь Монголын үндэсний телевизийн эфирээс кассет хулгайлах комбинац байсан гэхэд болно. Одоо эргээд хамгийн гол ноцтой зүйлийг өгүүлье. Анх 17 тонн чингэлэг спиртийн хэргийг замын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Ганбат илрүүлжээ. Тэр үед Д.Ганбатыг ЦЕГ-аас нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал буюу 56 мянган төгрөгөөр шагнасан байна. Цагдаа Д.Ганбат найман хүүхэдтэй, ядруухан амьдарч байсан ч Женкочдоос япон машин, олон сая төгрөгийг авлигал амлахад “Үгүй” гэж хэлээд цагдаагийн шуурхай бие бүрэлдэхүүнийг дууджээ. Ийм цагдаа өнөөдөр Монгол хэр олон бол? Энэ талаар талийгаачийн эхнэр С.Уранчимэг ийн ярив.
-Нөхөр маань том хэрэг илрүүлчихээд 56 мянган төгрөгөөр тор дүүрэн хоол хүнс авчихаад баярлаж явсан мөчийг би хэзээ ч мартдаггүй. Гэхдээ энэ баяр хөөр удалгүй уй гашуу, хагацлаар солигдсон юм. Нөхрийг маань Туул голын эрэг дээр дагуулж очоод 27 удаа хутгалж зэрлэг балмад аргаар амийг нь хөнөөсөн. Энэ хэргийн эзэн олдоогүй. Тэр хар өдөр дөрөв, таван цагдаа гэрт орж ирээд “Та сэтгэлээ бариарай. Д.Ганбат гуай албан үүргээ гүйцэтгэж яваад, бусдын гарт онц хэрцгийгээр хорлогдож, амиа алдсан байна” гэж хэлсэн. Энэ тухай сонсоод л би ухаан алдчихсан. Гэрчгүй урдаас төлөвлөсөн захиалгат аллага. Хэн ч миний нөхрийг хаашаа, хэн аваад явсныг нь хараагүй гэлцдэг. Нөлөө бүхий дарга ирээд, “Ганбаа машинд суучих, энүүхэн энд зөрчилтэй машин байна, шалгаад ирье” гээд аваад явсан байх гэж сэжиглэдэг. Түүнээс хэнийг ч дагаад, хэний ч нөлөөнд ороод ажлын байраа орхиж явах ёсгүй. Ажлынхан нь “Чанга Ганбаа” гэж нэрлэдэг шударга, албандаа тун хариуцлагатай архи дарс огт хэрэглэдэггүй хүн байсан. Нөхрийг маань алуурчид бүлэглэж хөнөөсөн. Хээр аваачиж, онц хэрцгийгээр хөнөөгөөд, цогцсыг нь хяналтын цэгээс холгүй бургасанд нуучихсан. Цогцос нь хүн харахын эцэсгүй аймшигтай болсон байсан. Шинжээчийн дүгнэлтээр 27 удаа хутгалж, амийг нь хөнөөсөн гэсэн байдаг. Тэрнээс хойш би найман хүүхдээ өсгөхийн тулд гадаа гарч эр гэрт орж эм болсоор өдий хүрлээ. Хүн чинь тэгээд зовлон их даадаг юм байна лээ. Өнчин хоцорсон хүүхдүүдийнхээ дэргэд уйлахгүй, хүүхдүүдээ унтсан хойно нөхрийнхөө жаазтай зургийг тэврээд, зулын дэргэд уйлдаг байсан. Нөхөр минь амьд сэрүүн байсан бол манайх гэдэг айл хэзээ мөдгүй байранд орох нь тодорхой байлаа. Түүнээс хойш би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайд, тойргоос сонгогдсон гишүүнд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нөхрийн минь хэргийг илрүүлж өгөхөд туслаач гээд бишгүй л өргөдөл, гомдол захиа бичсэн хэн нь ч тоож үзээгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Багануур дүүрэгт иргэдтэй уулзах үеэр би болсон бүх зүйлийг ярьсан. Ерөнхийлөгч миний нөхцөл байдлыг ойлгоод Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 50 сая төгрөг гаргуулж, бид байртай болсон. Одоо ганц бодож байгаа зүйл бол нөхрийг минь хөнөөсөн тэр алуурчин, захиалсан эзнийг нь олж өгөхийг Монгол төр, хууль хяналтын байгууллагаас хүсч байна гэв.
