img

СУИС-ИЙН БУЗАР ХҮЧИРХИЙЛЭГЧ НАР ӨМНӨ НЬ Ч ХҮЧИНГИЙН ХЭРЭГ БҮЛЭГЛЭН ҮЙЛДЭЖ БАЙЖЭЭ

img
Соёл урлагийн их сургуулийн Соёл иргэншлийн сургуулийн 2 дугаар курст суралцаж байхдаа ангийнхаа долоон хөвгүүнд хүчиндүүлсэн хохирогч Ш олон жилийн дараа энэ бусармаг хэргийнхээ талаар нийгэмд шүгэл үлээсэн билээ. Одоогоор тус хэрэгт 4 хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд гурав дахь удаагаа хэргийг хааж байгаад хохирогч Ш маш их гомдолтой байгаа юм. Иймд уг болсон хэрэг явдал болон өнөөгийн нөхцөл байдлын талаар Ш-ийн яриаг хүргэе.
“Би одоо 34 настай. 19 насандаа би хүний алдаж болох бүх зүйлээ алдсан. Нэр төр, биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд, ирээдүйн кареер, гэр бүл зохиох боломж, бэлгийн амьдралтай байх боломж, хүнд итгэх итгэл, хамгийн том нь амьдрах хүслээ алдсан. Гэхдээ одоо ч би амьд. Амьд хүн шиг харагддаг. Намайг ийм болгосон хүмүүс одоо ч эрх чөлөөтэй, хийсэн хэргээ ярьж инээлдсээр байгаа. Би СУИС-ийн харьяа сургууль төгссөн. Гэхдээ тэр 4 жилийн 3 жил нь амьдын там байсан. Яагаад гэвэл 2 дугаар курст байхдаа би 7 эрэгтэй, 2 эмэгтэй нийлсэн 9 хүний бүлэг хүчинд би өртсөн. Уух юманд маань ухаан алдуулах бодис хийсэн. Юу байсныг нь мэдэхгүй ч хүнийг ухаантай хэрнээ биеэ хөдөлгөх чадваргүй болгодог юм бсан. Тэр 7 эрэгтэйн 4-ийг нь би намайг хүчиндэж байх үед ухаантай байсан. 2 эмэгтэй нь тэр бүхэн болж байх үед өрөөнд байсан боловч намайг авраагүй. Хэрэг болж байх үед эхэндээ би "Тэдэнд сайн хандвал намайг бага өвтгөх байх” гэж бодсон. Гэхдээ би юу ч хийж чадаагүй. Ямар ч биеэ хамгаалах чадваргүй байсан. Би харахаас өөр юу ч өөрийнхөө төлөө хийж чадаагүй. Харин шөнийн 2 цагаас өглөө 7 болтол яргалуулж, хүчиндүүлж, доромжлуулж, шээсний сүвээ зэрэмдэглүүлснийхээ дараа би ямар ч амьдрах хүсэлгүй болсон байсан. Дахиж хэзээ ч амьдрах хүсэл маань сэргээгүй.
Би үхэхийг хүсээд ч чадаагүй, гэр бүл маань ард хамаг ачааг үүрээд үлдэнэ гэж айсан. Гэхдээ тэр гэр бүл намайг хамгаалдаггүй, хайхардаггүй гэр бүл байсан. Миний хойноос хөөцөлдөх хүн байхгүйг тэд мэдсэнийхээ дараа энэ хэргийг миний эсрэг хийсэн. Амьдрах хүсэлгүй учраас надад тэмцэх чадал байгаагүй. Бүр биеэ ч эмчлүүлээгүй. Одоогийн би тэр үеийн өөрөөсөө яагаад гэж асуумаар л байдаг. Гэхдээ яагаад ч юм би тэр үед хэнд ч итгээгүй. Бас хэнд ч хандаагүй. Тэр хэргийн дараа би хэргийн газар өөр өрөөнд байсан ангийн өөр нэг охинд юу болсныг шууд хэлсэн. Тэр охиноос бусад нь намайг хүчиндсэн хүмүүс байсан учраас тэндээс би арай гэж алхаж гарч явсан. Гэртээ очоод би бүх бие хөх няц болсныг харсан. Би хэргийн маргааш оройноос л өвчин мэдэрч эхэлсэн. Би үхчихсэн гэж өөртөө итгүүлсэн. Одоо миний юу ч өвдөхгүй байгаа гэж. Яагаад тэгснээ би одоо ойлгодоггүй. Надаас маргаашнаас нь идээ гоожиж эхэлсэн. Шээж чадахгүй дүлж 20 минутын турш шээдэг болсон. Хэтэрхий олон хүний эсрэг ганцаараа тэмцэх чадал надад байгаагүй. Цагдаад хэлсэн ч ганцаараа миний эсрэг яаж л бол яаж л ялна гэж бодсон. Эмнэлэгт хандвал цагдаад мэдэгдчихнэ. Эмч цагдаа нар ч бас намайг ганцаараа, санхүүгийн байдал хүнд байгааг мэдвэл надад тэдэн шиг аймшигтай хандана гэж бодсон. Надад хүнд итгэх итгэл огт үлдээгүй байсан. Нэмж зовохыг хүсээгүй. Эмээ маань миний төлөө явах л байсан байх мэдсэн бол. Гэхдээ би бие муутай эмээдээ тийм юм үзүүлэхийг хүсээгүй. Хэд хоноод хичээлдээ явсан. Аймшигт өвдөлтийг тэсээд зүгээр юм шиг алхаад явж байсан ч шатаар бол зүгээр гарч чаддаггүй байсан. Нэг, нэг шатаар өвдөлтөө намдах хүртэл нь зогсож байгаад дараагийн шатан дээр гарж зогсох маягаар явж байсан. Тэр үеэс 4 дүгээр курсээ төгсөх хүртэл хэл амаар доромжлох, цуу яриа тараах гээд хүчирхийлэгчдийн хүчирхийлэл өөр хэлбэрээр үргэлжилсэн. Хамгийн аймаар нь хүчирхийлэгч 2 хүүхэн миний тухай цуу яриаг ангийн охидыг нэг ангид цуглуулж байгаад ярьж тараасан байсан. Гэхдээ манай ангиас нэг ч хүн цагдаад мэдэгдээгүй. Харин тэд намайг үзэн ядсан. Тэр тараасан цуу яриа нь хэргийг нэг өөрчлөлгүй ярьсан бсан. Тийм байхад хэн ч цагдаад мэдэгдээгүй. Ангийн бусад охид над руу яаж харж байсныг би үхэн үхтлээ мартахгүй. Энэ хэрэг 2011 оны 12 дугаар сарын 24-нд сургуулийн шинэ жилээр болсон. Тус хэргийг би 2020 онд 9 жилийн дараа цагдаад мэдэгдсэн. Одоог болтол мөрдөн шалгаж байгаа нэртэйгээр зүгээр л хэргийг гацаасан байдалтай байгаа. Хоёр удаа хууль зүйн үндэслэлгүйгээр хаагдсан. Дахин дахин нээлгээд л явж байсан. Намайг л шалгаад байхаас биш хэрэгтнүүдийг шалгах ажиллагаа хийгдээгүй. Хийгдэхгүй ч бололтой. Учир нь тэд зовох зовлонгүй тул инээлдэн найзалсаар, ажил кареертай, гэр бүлтэй, танил талтай хүмүүс болсон.
Сая 3 дахь удаагаа албан ёсоор тогтоол нь гараад дахиад хаачихлаа. Би хэргийг цагдаад мэдэгдсэнээс хойш анх удаа гэмтлүүдээ эмчлүүлэхийг хүссэн. Шээсний сүв маань сорвижиж эдгэсэн учраас бараг л битүү байсныг би 10 гаруй жилийн дараа л мэдсэн. Зүсэлт хийлгэж одоо би бараг л хэвийн хүн шиг шээж чаддаг болсон. Гэхдээ шээх болгондоо өвддөг нь хэвээрээ. Сорвижилтоос болоод бэлгийн харьцаанд орох болгонд урагдаж байгаа мэт өвддөг учраас би бэлгийн амьдралгүй. Нэр төрийг минь хаа яваа газраа ярьж гутаан доромжилдог учраас би хэзээ ч хүнтэй суугаагүй, хүүхэдгүй. Шөнө унтвал хар дардаг учраас би өдөр унтаж, шөнө ажилладаг. Яриад дуусашгүй их зовлонг би насаараа үүрч явах бололтой. Ийм төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хязгааргүй тогтоож, хүн амины хэрэгтэй дүйцүүлж ялладаг болох ёстой. Тэд хийсэн хэргээ ярьж инээлдэж байгааг сонссон олон хүмүүсээс нэг нь ч цагдаад мэдэгдээгүй. Харин нийлж инээлдсэн. Тэд намайг гулууз шиг нүцгэнээр минь дамжлаад 2 орны хооронд ор сэлгэж хүчиндэж байсан. Намайг дамжлаад зөөж хүчиндэж байсан нэг нь сүүлд ангийн дарга болсон. Бас тэр хэргийг мэдсээр байж манай ангийн өөр нэг охин тэр хүнтэй гэрлэсэн. Сургуулиа төгсөөд би намайг хүчиндсэн хүмүүсийг фэйсбүүк найзын жагсаалтаасаа хассан. Би тэгтлээ дарамтлуулж айдаст автаж хэн ч биш болсон байсан. Дөрвөө төгсөөд ангийн групп дотор хүчиндүүлсэн охиныхоо өшөөг авдаг өвгөний тухай оросын киноны зургийг оруулаад "Намайг бүгд нийлж хүчиндсэн. Та нар үйлээ эдлэх л болно" гэж пост оруулсан. Манай ангийнхан бүгд уншсан. Дараа нь би группээс гарсан. Гэхдээ би хүлээсэн, ангийн бусад хүмүүсээс, надтай найзалдаг найзуудаас нэг нь ч болтугай надтай энэ талаар ярих байх. Хувь чат бичих байх гэж. Урьдын л адил хэн ч бичээгүй. 2020 онд дахин нэг удаа би ангийн групп чатыг олж орсон. Дахиад хэргийг илчилсэн утгатай мессеж бичсэн. Бүгд уншсан. Хэрэгтнүүд өмнө нь намайг доромжилж бичсэн байсан пост дээрээ хаха зүрх дарж эхэлцгээсэн. Дараа нь би групп чатаас гараад дахиад хүлээсэн. Хэн ч над руу тэр талаар холбогдоогүй. Ингэж би тэд бүгд намайг зовж байхад тэгж харж байсан нь тэдний сонголт байж. Хэн ч надад туслахыг хүсээгүй биш. Тэд миний зовлонд баярлаж байсан юм байна гэж бат ойлгож авсан. Хэргийн дараа би ангидаа найзуудтай байсан. Долуулаа нийлдэг байсан. Надтай найзалдаг байсан хүүхдүүд ч надад тэр талаар тусламж үзүүлээгүй. Гэхдээ бид найзалдаг байсан. Би хичээлдээ сайн байсан болохоор л байх. 2020 онд би арай гэж гуйж, уурлаж, шалж байж найзууд нэртүүдийн амнаас тэр талаар юу юу мэдэж байгааг нь заримаар нь хэлүүлж чадсан. Тэгээд тэдний энийг март гэх үгсийг сонсоод би дахиж найзлахгүй байхаар шийдсэн. Зарим нь хэргийг сөхөж ярих үед миний англи хэлний мэдлэгийг далд утгаар дорд үзэж доромжлох гэх мэтээр санаанд оромгүй үйлдлүүд гаргаж эхэлсэн. Нэг найз гэгдэж явсан хүүхэн л лав хэргийг мэдсээр байж Хүчиндэгч Мөнх-Алдарын фб дээр байнга төрсөн өдрийн мэндчилгээ бичиж үлдээдэг байсан.
Хэргээс өмнө би хэн байсан бэ гэж үү? Би шилдэг сурагчдын нэг байсан. Өвөрхангай аймгийн сургуулийн ч биш аймгийн олимпиад тэмцээн уралдаануудад 1, 2 дугаар байруудаас бууж үзээгүй шахуу шилдэг охин байсан. Арван жилээ төгсөн төгстөлөө би биеийн тамираас бусад бүх хичээл дээрээ амжилт гаргаж байсан. Цэвэр бичигтэн, шилдэг дэвтэр, шүлэг, урлагийн үзлэг, гар зураг, англи хэл, математик, физик, хими... би нэр хүндтэй өөрийн насандаа үзүүлж чадах амжилтуудаа үзүүлээд явж байсан сурагч. Надад юу хамгийн хэцүү байсан гээч… "Би бүлэг хүчингийн хохирогч болсон. Азгүй хүн" гэдэгтэй эвлэрэх. Бас энэ бүх өвдөлт зовлонг яаж ч үгүйсгээд алга болохгүй гэдэгтэй эвлэрэх. Бас би амьд байгаа гэдэгээ хүлээн зөвшөөрч өөрийнхөө төлөө тэмцэж эхлэх үнэхээр хэцүү байсан. Би хэрэг гарснаас хойш 3 жил сэтгэл зүйн тасралтгүй хүчирхийлэл дунд биеийн өвдөлтийн хажуугаар тэсч амьдарсан, суралцаж төгссөн. Би хүчтэй болохоороо бишээ. Шокийн байдалтай, орь ганцаараа олны нүдэн дээр зовж байсан учраас. Өөрийнхөө төлөө тэмцэх тэнхэлтэй болоход надад 9 жил шаардагдсан. Сэтгэл зүйн доромжлол хүчирхийлэл дууссанаас 6 жилийн дараа гэсэн үг. Харин би өөрийнхөө төлөө тэмцэж цагдаад болсон бүхнийг ярьсан цагаас л эхэлж эдгэрч эхэлсэн. Би насан туршдаа эдгэрсээр л байх байх. Миний гэмтлүүдийн зарим нь хэзээ ч эдгэхгүй. Бас би дахиж хэзээ ч санаа амар, хар дарахгүйгээр сайхан унтаж амарч чадахгүй гэдгээ мэднэ.
Сүүлд хүнээс тэд надаас өмнө өөр эмэгтэйг бүлэглэн хүчиндэж байсан тухай сонссон. 2010-2011 онд буюу нэгдүгээр курст байхдаа намайг хүчиндсэн бүлэг болох манай ангийн тэдгээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бөөндөө машинд явж байхдаа "Бааранд нэг охинтой танилцсан. Бидэнд нэг л охин байхад хангалттай, хоорондоо дамжуулчихдаг юм" гэж ярьж, инээлдэж байсныг сонссон хүн байдаг. Хэдий хүнээс сонссон яриа хэдий ч би үнэн гэж боддог. Учир нь тэд нар намайг хүчирхийлсэн. Бас яаж айлгаж дарамтлахаа маш сайн мэдэж байсан. Тиймээс би анхны хохирогч нь биш гэж боддог.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ