Замын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Одбаяр гэгч зантгар нөхөр нийслэлийн замын хөгжлийг замхруулж байгаа талаар тус газрынхан шивэр авир хийсээр бүтэн хоёр жил болж байхад хотын дарга Х.Нямбаатар нүдэн балай, чихэн дүлий явж байгаагийн цаана асар их мөнгө угаалт байсан нь одоо нэгэнт ил боллоо. Ердөө жилийн өмнө ард иргэдийн автомашины татварыг нэмсэн асуудалд шүүмжлэл хэлсэн УИХ-ын гишүүдийг өндөр дуугаар зандарч, өөрийгөө “том дарга” хэмээн бодож хөөрч явсан тэрээр өнөөдөр нийслэлийн нэг “хаан” болтлоо зантайжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан салбартаа танигдсан, мэргэжилдээ эзэн болсон, зам гүүрийн асуудлаар хэний ч өмнө нүүр бардам, хийсэн ажил, хэлэх үгтэй Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй" гэж буруутган Х.Нямбаатар ажлаас нь чөлөөлөөд оронд нь Б.Одбаярыг томилсон байдаг. Тухайн үедээ ичсэн нүүрэндээ Г.Баярсайхан даргыг хэл ам хийж болзошгүй, ажилдаа эргэн томилогдож магадгүй хэмээн хаширлаж, Б.Одбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Одбаяраа жинхэлж чадахгүй байгаа нь өрөвдмөөр. Б.Одбаярын хувьд Х.Нямбаатарын ярь гэснийг ярьж, хий гэснийг нь хийдэг гэх явган хов Яармаг дахь Нийслэлийн шилэн харшнаас сонсогддог. Тэрбээр ам нээх бүртээ Х.Нямбаатарын бродюрыг ярьдаг “гал хамгаалагч” төдий жижигхэн хүн. Гэхдээ ингэж ярих болгондоо тэр үргэлж худал ярьдаг. Хамгийн сүүлд гэхэд Туулын хурдны замын асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл гаргаж, зогсоохыг үүрэгдсэн. Эргэлзээтэй олон асуудлыг тал талаас нь шинжлэн судалж, ард түмэнд зөв мэдээлэл өгөх хүртэл зогсоосон. Гэтэл Засгийн газрын хяналтын менежер П.Батбаатарыг гэнэтийн шалгалт хийхэд Б.Одбаярын худал ярьсан нь газар дээрээ баригдсан билээ. Хяналтын албаныхан газар дээр нь очиход машин техникүүд нь ажилласан хэвээр, бүр дөнгөж цутгалт хийсэн бололтой цемент нь хатаагүй байдалтай угтсан. Газар дээрээ гардуулчихсан хэрнээ ичих ч үгүй “уг нь зогсоосон” хэмээн амандаа бувтнаж зогссон түүний Америкт суралцсан эсэх нь ч эргэлзээтэй байдаг. Б.Одбаярын намтартаа бичсэн “2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцсан” гэснийг харвал өндөр боловсролтой хүн мэт. Гэвч 2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж гэсэн нь багагүй хардлага төрүүлэхээр. Америкт их дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар даваа биш. Тэр тусмаа оюутан хүүхдийг нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Түүний энэ худал намтар ганц үүгээр дууссангүй 2016-2018 онд Дэйвисийн их сургуульд суралцаж, геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр хамгаалжээ. Атал мөн магистрт суралцах хугацаандаа Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид хурдны замын төслийн инженерээр ажилласан гэнэ. Магадгүй суралцах хугацаандаа дадлага хийсэн байж болох ч үүнийгээ инженерээр ажилласан гэж бичих нь ичих булчирхайгүй, худалч хүний эрээ цээргүй үйлдэл. Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг хөөрүү Б.Одбаярын зам мөрийг мөшгивөл худал нь дийлэнх.
Түүний удирддаг нийслэлийн Замын хөгжлийн газарт хууль бус асуудал ч нэлээд бий. Тухайлбал, тус газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдаж, манай сайт хөдөлшгүй баримтыг илчилснээр тэрээр ажлаасаа халагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл төрд ажилласан цалингаа эргүүлж огт төлөөгүй явна. Хуурамч дипломтой Т.Батбилэг нь ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Гэрээнд зааснаар уг ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэсэн байдаг. Уг маргаанд “Мотор сервис” ХХК ялагдаж, мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй яваа аж. Гэсэн мөртлөө уг зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж шийтгэсэн юм. Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх байтал төсвийн мөнгийг үрэн таран хийснийг илрүүлсэн аудиторт бяраа үзүүлсэн нь гайхалтай. Ийнхүү алхам тутамдаа худал ярьж, хуурмаг нь илрээд байгаа Б.Одбаярыг Т.Даваадалай шиг яаралтай барьж хорихгүй бол Америк руу зугтах магадлал өндөр хүн юм. Түүний ээж, дүү хоёр нь Америкийн иргэншилтэй гэх мэдээлэл зарим сайтуудаар гарч байсныг нэмж шалгахад илүүдэхгүй байх. Түр орлон гүйцэтгэгч гэх нэрийн дор төсвийн жаахан мөнгөөр тансаглаж буй Б.Одбаярыг төрийн нэрийн өмнөөс дуудах цаг болжээ.
