Соц нийгмийн үеийн төрийн тэргүүнүүдийг яаж хамгаалж байсан тухай комиссаруудын яриа олон жилийн дараа тодорхой болдог. Тэр үед Зөвлөлтийн төрийн тэргүүнийг “нухах” гэсэн оролдлого улс дотроо олонтаа гарч байсан нь гайхалтай. Мэдээж коммунист үзэл сурталтай нийгэмд энэ нь “маш нууц” байсан нь ойлгомжтой. ЗХУ-д УААХ-ны IX хэлтэс нь төр засгийн болон гадаадын зочдыг хамгаалах зорилгоор Андроповын үед байгуулагдсан. Энэ хэлтсийн тухай 1937 оноос УАХХ-нд 25 жил ажилласан, Аюулаас хамгаалахын ахлах офицер В.Величкогийн хэвлэлд өгсөн ярилцлагаас хүргэе.
-Тухайн үед гарч байсан сонирхолтой явдлаас..?
-М.С.Горбачёв Форост амрахаар ирэх үеэр түүний охин нь цонхны хөшиг нээх гэж байгаад хөшигний тогтоогчийг толгой дээрээ унагачихав. Хэдийгээр охин яагаа ч үгүй боловч хамгаалалтанд ажиллаж байсан 15 хүнийг бүгдийг нь ажлаас халсан юм. Москвад Майн баярыг тэмдэглэж байх үед 10 цагт Мавзолей дээр төр засгийн удирдлагууд гарч ирэх үеэр Москвагийн Их дэлгүүрт маш том хар утаан үүл хуйлрав. Бүгд тийшээ сандралдан очвол хэн нэг нь баярын ажиллагааг эсэргүүцэн цахилгаан зуухан дээр замын хар шатаасан байлаа. Тэр даруй мэргэн буудагчдыг байрлуулж /тэр үед Буш Улаан талбай руу ирж явсан/ хорлосон сүйтгэгчийг баривчлахыг тушаав. Гурван минутын дотор тусгайгийнхан байрыг бүслэн өрөөнд дайран ороход хорлон сүйтгэгч маань цонхны дэргэд телевизийн удирдлагаар суваг солин зогсож байлаа. Энэ бүх хугацаанд мэргэн буудагчид байнгын бэлэн байдалд байцгаасан. Горбачёв эхнэрийн хамт байнга очих дуртай байсан Их театрыг би хариуцдаг байлаа. Ээлжит үзвэрийн өмнөхөн театрын аюулгүй байдлыг шалгав. Энд шалгалт явуулахдаа хонгил, дээвэрт юмуу аль нэг газар сум орхиж, хэрвээ түүнийг олохгүй бол хамгаалалтын чанар муу байна. Удирдлагууд гадаадад явах үед яагаад өөрийн “Зил”-ийг авч явдаг байсан бэ гэвэл бүх зүйл Н.Хрущев Америкт айлчилснаас үүдсэн хэрэг. Тэнд тэд Хрущевт өөрийн “Кадиллак”-ийг өгч л дээ. Харин машинд сонсох аппарат байруулсан байлаа. Үүнээс үүдэн хэдийгээр эдийн засгийн хувьд хохиролтой ч чухал гэрээ хэлэлцээрийг тасалдуулахгүйн тулд өөрийн “Зил”-ийг бүх дэлхий даяар тээвэрлэн явах болсон юм шүү дээ.
-М.С.Горбачёвын өрөөнд нь “цох” байсан гэх?
-Одоогоор энэ нь маш нууцын зэрэглэл. Нэг удаа Америкт айлчилж байх үедээ Раиса Михайловнад цагаан ордныг хамгаалж байгаа “хар”-ууд их таалагджээ. Иймээс тэрбээр өөрийн гэсэн хамгаалагч “шкаф”-уудтай болохыг хүссэн юм билээ. Тухайн үед тэдний хамгаалалт зөвлөлтийнхөөс толгой илүү байлаа. Раиса нэг удаа гудамжинд гарахад бутны ёроолд хамгаалалтын ажилтан сууж байсан аж. Тэрбээр “Залуу. Та ямар боловсролтой вэ? Ямар хэлээр ярьдаг вэ?” гэхэд цаадах нь “Би Герман хэлийг сургуульд үзэж байсан” гэжээ. Тэгтэл Горбачёвын эхнэр “Миша чи харж байна уу? Биднийг хэлний ямар ч боловсролгүй хүмүүс хамгаалдаг юм байна. Өөрсдийн амь насыг тэдэнд яаж итгэж хамгаалуулах юм бэ?” гэжээ. Москвад Финландын Ерөнхийлөгч Урхо Кекконен айлчлан ирсэн үе. Кекконен өглөөгүүр маш хол гүйдэг хүн байлаа. Мэдээж хамгаалагч түүнтэй хамт гүйсэн л дээ, гэхдээ л эцсийн эцэст хамгаалагч хэлээ унжуулан үлджээ. Гүйлтийн спортын масетр шинэ хамгаалагч олох хэрэг гарав. Я.Арафаттай ажиллахад их хүнд байлаа. Тэр хэзээ ч тогтоосон цагт ирж байсангүй. Хамгийн олон удаа халдлагад өртөн хүн бол Социалист Кубын төрийн тэргүүн Ф.Кастро бөгөөд 600 орчим удаа гэмт халдлагад өртжээ. Архивын материалаас үзэхэд Шилов Тарины хэрэг сонирхол татагд. Тэрбээр И.Сталиныг алахаар буудсан боловч андуураад Микояныг буудчихсан юм. М.С.Горбачёвт халдсан хоёр удаагийн оролдлого байдаг. Ерэн оны есдүгээр сард сэтгэцийн өвчтэй Шимонов парадын үеэр буудахыг оролдсон. Харин 1987 онд өөрийн хийсэн буугаараа гүржийн иргэн буудах гэж оролдсон. Гэвч гар буу нь халаасандаа дэлбэрч өөрийгөө хүнд шархдуулсан байдаг. Гүржийн иргэн ЗХУ-ын төрийн тэргүүний амь насыг хөнөөхийг завдсан энэхүү үйлдлийг тас нууцалж байсан болохоор тэр хэвлэл мэдээлэл дээр энэ тухай нэг ч үг үсэг тавигдаагүй. Харин үүний дараа бас нэгэн этгээд 1988 онд Москвад Рейган, Горбачёв хоёрыг хөнөөхөөр төлөвлөсөн байсныг УАХХ-ийн IX хэлтсийнхэн шуурхай илрүүлж байлаа. Тэр этгээд захиалагчаас маш их хэмжээний мөнгө авсан, хорт хавдраар хүнд өвдсөн, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн байсан авч эцсийн эцэст зоригоосоо няцаж, өөрийгөө илчилснээр төлөвлөгөө нь нуржээ.
