АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хяналт, шалгалтаараа илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлжээ. Тэдгээрийн дотор ажлын байр түрээслэх гэрээг зах зээлээс өндөр үнээр байгуулж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон гэх үйлдэл багтсан юм.Бидэнд олдсон мэдээллээр энэ нь Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнд холбогдох үйлдэл аж. Тэрбээр Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү Б.Лхагвадоржтой ажлын байр түрээслэх гэрээг зах зээлийн үнээс өндрөөр хийж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, эсэх асуудлыг шалгуулахаар болоод буй гэнэ. Б.Лхагвасүрэн 2016 оны наймдугаар сарын 30-нд 43 дугаартай Гэрээ шууд байгуулах тухай тушаал гаргаж, өөрийн дүү Б.Лхагвадоржийн эзэмшлийн “Сүмт-Өргөө” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Санроуд” барилгад 716 ам метр талбай түрээслэн Хадгаламжийн даатгалын корпорацыг байрлуулсан. Нэг ам метрийг нь тухайн үед 30 000, сар тутамд 21.4 сая төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. 2016-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөг байрны түрээсний төлбөрт Хадгаламжийн даатгалын корпорацаас “Сүмт-Өрөө” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ асуудлыг өдгөө нарийвчлан шалгаад эцэслэн шийдвэрлэхээр болж буй аж.
