img

ТӨРИЙН ХАР ХЭРҮҮЛЧ

img

   Түүхийн хуудсыг эргүүлбэл, төрт ёс эртний Монгол улсад бий болсон бөгөөд  өнөөдөр дэлхий дахины улс орнуудад хэдийнэ оршин тогтнож буй төрт улсын загвар нь Монголоос гаралтай гэдгийг дэлхийн түүх судлаачид дуу нэгтэй баталдаг. Үүнийг батлах нэгэн жишээ бол монголчууд өнө эртнээсээ төрийн үйл хэрэгт зүтгэж буй хүнээ  “Төрийн хар хүн” хэмээн хүндэтгэн дээдэлж, үг үйлдлийг нь хүртэл ёсчлон дагадаг байв.  Түмэн олны итгэл хүндлэлийг хүлээсэн төрийн хар хүн нь ч ёс жудаг, үнэт зүйлээ эрхэмлэгч нэгэн байжээ.  Хэн хүссэн болгон нь төрийн хар хүн болж, төрийн ажил хийгээд явдаггүй байсан бөгөөд төрийн хэрэг эрхлэх хүнийг хар бага наснаас нь эрдэм номын болон сэтгэлзүйн боловсрол нь илүүтэй анхаарч байв. Ингээд нас биед хүрсэн хойно нь төрийн түшээгээр сонгон томилохдоо ёс зүй талаас нь илүү анхаарч, төрийн хүний ёс зүйд нийцэх шалгууруудаа тавьдаг байсны дотор  хамгийн чухал шалгуур нь ёс суртахуун байх ёстой гэж үздэг байжээ.

Харин өнөөдрийн төрийн түшээдийн дунд ёс суртахуунтай хүн байхгүй болсон учир төрийн ажил урагш явахаа байж, тулга тойрсон хэрүүл хийдэг хэдэн хүнийг төсвийн мөнгөөр тэжээдэг болоод удлаа.  Тэр тусмаа ардчилсан нийгэмд хэт олонхи болсон намын эсрэг сөрөг хүчний дуу хоолой хүчтэй байх ёстой. Сандал суудлын өчүүхэн эрх ашгийн төлөө бус хөгжил дэвшлийн төлөө төрийн хар хайрцагны бодлогоороо өрсөлдөх нь хэтийн замд нь хэрэгтэй. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэл гэх нөхөр төрийн хар хүн биш төрийн хар хэрүүлч болжээ. Түүнд төрийн хар хүнд байх эрхэм чанараас нэгээхэн нь ч алга. Өөрийн хувийн бизнесийнхээ өчүүхэн эрх ашгийн төлөө намын нэрээ бариад гүйгээд байхаас өөр ажил хийж амжилгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусгах бололтой. Өмнөх Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарыг өөнтөглөсөөр байгаад унагасан, УИХ-ын дарга Н.Учралыг хуулиа баримталж ажилла хэмээн хурал хаяж гүйсээр байгаад чөлөөлсөн нь саяхан. Ингээд МАН-ын даргын хувьд Н.Учрал гүйцэтгэх засаглалаа тэргүүлээд зулай нь ч битүүрч амжаагүй байхад засгийг огцруулна хэмээн намынхаа мөнгө, албан тушаал гэхээр мөнчгөрөө тавиад туух хэдэн нөхдийг элсүүлээд гүйж байх нь эмгэнэлтэй.

Махны үнийг буулгаж чадаагүй хэмээн шалтаг хайж, УИХ-ын чуулганы үүдний өмнө улаан мах өлгөж увайгүй улстөр хийв. “Улаан махны хэрүүл удмын хэрүүлээс бузартай” хэмээн цэрвэж жигшдэг ард түмэн бол монголчууд.  Гэтэл төрийн хэрэг өрнөж, хууль баталдаг өргөөний өмнө улаан мах авчирч тавьж, ухаан муутай удирдагч болохоо тэрээр харууллаа. Үнэн хэрэгтээ энэ жилийн нөөцийн махны үнэ өсч, хомсдол үүссэн шалтгааныг тэрээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн билээ. Түүний “том ах” Х.Баттулгын хоёр ч компани нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлтэд оролцсон ч 2500 тонн хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. Энэхүү хомсдолоос шалтгаалж, мах ховордож, эрэлт ихэссэнээс улбаалан махны үнэ тэнгэр рүү цойлсон.  Иймд тэрээр махны үнэ ярьж, мах өлгөж зогсохоосоо өмнө Х.Баттулгаасаа эхлээд алга болсон 2500 тонн махаа асуусан бол шударга ёсонд нийцэх байлаа. Төр засагтайгаа тэрсэлдэхээс өөр ажилгүй О.Цогтгэрэлд төрийн хар хэрүүлч хэмээх цол хэргэм л зохимжтой харагдана. 

Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.

ШИНЭ МЭДЭЭ