img

ОЮУНЫ ӨМЧИЙН ХУЛГАЙЧ И.ОДОНЧИМЭГТ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ОЛГОЖ БУЙ НЬ АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!

img

  Хошин урлагийн “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин И.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга, Т.Бархүү нар удаа дараагийн давтан, мөн санаатай, зохион байгуулалттай, үгсэн хуйвалдсан үйлдлээр  Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Доржготов, нэрт шог зохиолч агсан Ж.Барамсай, Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад хэлний дуун хөрвүүлэгч Д.Болдбаатар нарын зохиол бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан хэрэгтээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн  I  хэлтэст шалгагдаж байгаа билээ. Тэд хулгай хийсэн гэдгээ мэдсээр байж, бүр хулгай хийсэн нь хэргийн мөрдлөгийн явцад батлагдчихаад байхад өнөөдрийг хүртэл гүрийж, гүлдийж, хуулийн байгууллагын дуудсан цагт очихгүй худал үнэн ярьж арга саам хайсаар яваа юм. И.Одончимэг нь зохиолч Ц.Доржготовын 1980 онд бичсэн “Цагийн өнгө” туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй ашиглаж, уг зохиолын гол дүр болох Базарваанийн нэрээр “Базарваань”  нэртэй хошин үзүүлбэр болгон тайзан дээр тоглосноос гадна, хожим нь контент болгон багагүй ашиг орлого олжээ. Энэ талаар Н.Онон нь ярихдаа “Манай Одноо л миний зохиол гэсэн, гэхдээ сүүлдээ Доржготов гуайн зохиолыг зөвшөөрөлгүй авч хийснээ хүлээн зөвшөөрсөн, би энэ хэрэгт хамаагүй” хэмээн өчиж, өөрийнхөө арьсыг хамгаалсан байдаг. Гэтэл тэд үүгээр хулгай хийхээ зогсоогоогүй юм. Зохиолч Ц.Доржготовын “Хөөе дарга хахлаа” өгүүллэгийг “Сайдын үхэл” нэртэй контент, хошин үзүүлбэр хийж, бүр CD болгон олон мянган хувь хэвлэн борлуулсан юм.  Мөн Н.Онон нь нэрт зохиолчийн 1978 онд бичсэн “Эцсийн амлалт” өгүүллэгээр “Залхуу Дондог” нэртэй контент хийжээ. Харин Л.Баттулга, Т.Бархүү нар  1975 онд зохиолчийн бичсэн “Хотын бяцхан найз”  өгүүллэгийг “Багын найз” нэртэй хошин үзүүлбэр хийж байснаа сүүлдээ илтэд ашиг олох зорилготой реклам, сурталчилгааны “Атаархуу Аглуу” цуврал реклам болгон хийсэн байдаг. Түүнчлэн Л.Баттулга нь 1995 онд бичиж, “Утгын чимэг” өгүүллэгийн дэд байрын шагнал авсан “Улаан хамбан дээлт буюу дэлхий даахгүй баян” нэртэй өгүүллэгээр “Orange” энтертайменттэй хамтран “Дэлхий даахгүй баян” нэртэй контент хийснийг зохиолчийн ар гэр мэдэж, дэлгэцэнд гарахаас өмнө сануулж хэлж байжээ. Гэтэл тэрээр баахан компаниас мөнгө төгрөг аваад хийчихсэн учир байдалд оронгуутаа яаран сандран зохиолчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзахдаа “Дахиж зохиолыг нь зөвшөөрөлгүй ашиглахгүй” хэмээн ам тангаргаа өгч байснаа мартан “Хотын бяцхан найз” өгүүллэгийг нь өнөөдрийг хүртэл ашигласаар яваа цайчихсан хулгайч юм. Одоо тэдний оюуны өмчийн хулгайн хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд шалгах явцад хэрэг нь улам зузаарч байгаа тул тэдний хэргийг тусгаарлаж, тус тусад нь шалгаж хохирлыг барагдуулахаар хуулийнхан ажиллаж байгаа юм.  Мөрдөн байцаалт, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчдын мэдүүлэг, хөндлөнгийн шинжээчид, оюуны өмчийн шинжээчид, хэл зүйн судлаачид, утга зохиол судлаачдын дүгнэлтээр И.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга нар нь Ц.Доржготовын зохиол, бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдчихсон байгаа билээ.

Одоо зөвхөн хохирогчид нөхөн олгох төлбөрийг тогтоохоор эдийн засгийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ичих булчирхайгүй тэд зохиолч Ц.Доржготовын цөөнгүй өгүүллэг, туужаар хошин үзүүлбэр, кино контент, мөн хөдөө орон нутагт тоглосон давтамж болон орлого зэргийг нарийн тооцоолж гаргах шаардлагатай байгаа юм.  Тэд өмнө нь хуулийн сургуульд сурч байсан гэх танил нөхдөөрөө дамжуулан хэргээ хаалгах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн прокурорт явуулсан ч шударга ёсыг дээдэлдэг прокурорууд тэдний хэргийг хаагаагүйд талархлаа илэрхийлье.

Энэхүү хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж явж байх үед И.Одончимэг, Л.Баттулга, Т.Бархүү нар дахин хулгай хийж, 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр буюу шинийн нэгний өдөр “Атаархуу Аглуу” нэртэй Оюутолгойн хөрөнгө оруулалтыг магтсан реклам хийж цацсан нь баригдаж, дахин хэргээ зузаалжээ.  Энэхүү хэрэгт нь дахин гомдол гаргасан байгаа бөгөөд тэрээр яаран сандран сошиалаас өнөөх рекламаа устгаж байсан паянтай.  И.Одончимэгийн хувьд оюуны өмч хулгайлдгаараа бүр гаршчихсан нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад хэлний дуун хөрвүүлэгч Д.Болдбаатарын  орчуулан, монгол уншигчдадаа утга найруулгын төгс хэлбэрээр хүргэсэн “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг түүнээс зөвшөөрөл авалгүй тайзан дээр тоглосон байдаг.  Харин тухайн  үед Д.Болдбаатар орчуулагч ёстой эр хүний шийр, эрдэмт хүний ухаан зааж хэл амгүй өнгөрөөжээ.  Гэтэл хулгайч хүн хулгай хийхгүй л бол гар нь загатнаад, сэтгэл нь тогтдоггүй шиг дараагийн зохиолыг нь бас л зөвшөөрөлгүй хулгайлж, бүр кино хийж, өвөртөө чирч оруулсан өөрөөсөө олон дүү нялх амрагаа тоглуулах гэж чичирчээ. Монгол хэлнээ уран яруу орчуулж, уншсан хүн болгоны сэтгэлийг уудалж, нулимсыг урсгасан  “Солиот эх” өгүүллэгээр кино хийж байгааг нь мэдсэн даруйдаа орчуулагч Д.Болдбаатар холбогдож “Уран бүтээлч хүмүүс байна, уулзаж учир байдлаа ололцъё” гэхэд  И.Одончимэг улайм цайм гүрийж, Хятадын зохиолчоос нь зөвшөөрөл авсан хэмээн цамнажээ. Үнэн хэрэгтээ зохиолчоос нь зөвшөөрөл авсан баримт сэлт нь орчуулагч Д.Болдбаатарт байсаар байхад ингэж гүрийж байгаа эргүү хүнтэй тэрсэх нь эрдэмт хүний хувьд ичгэвтэр явдал байсан болохоор тэгсхийгээд  орхижээ. Хэрвээ тэр үед хатуухан шийдвэр гаргаад хуулийн байгууллагад хандсан бол И.Одончимэг  хил дамнасан оюуны өмчийн хулгайчаараа дуудуулж, хэдэн арван жилдээ төлж барахааргүй их өрөнд орох байсан билээ.  Энэ талаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Манай хошин урлагийн жүжигчид хошин контент, шоу тоглолт хийхдээ зохиолчдын бүтээлийг ашиглахдаа зохиолчоос зөвшөөрөл авч, нэр усыг нь дурьдаад хийхэд нээлттэй. Гэтэл өнөөдөр зохиолчоос зөвшөөрөл авах нь бүү хэл утга санааг нь өөрчлөх, дотроос нь зарим хэсгийг нь тасдаж авах, дүрүүдийн нэрийг өөрчлөх гэх мэтээр ашиглаж байна. Энэ нь Оюуны өмчийн хуулиараа ч, Зохиогчийн эрхийн тухай хуулиар ч тэр оюуны өмчийн хулгай гэж үзэх бүрэн үндэстэй. Аливаа зохиол бүтээл бичигдсэн цагаасаа эхлэн тухайн хүний мэдэлд 50 жил байдаг бөгөөд зөвшөөрөл авч ашиглах ёстой гэсэн хуультай. Гэтэл өнөөдөр амьд сэрүүн байгаа манай том зохиолчдын нэг төлөөлөл болох Ц.Доржготов гуайн зохиол бүтээлийг зөвшөөрөлгүй аваад, өөрийнх нь нийгэмд хэлэх гэсэн санааг бус хэтэрхий марзагнал болгож буй нь доромжилж байгаа хэрэг. Нөгөө талаасаа ерөөсөө хулгай. Иймд зохиогчийн эрхийн асуудалд манай уран бүтээлчид, зохиолчид одоо нэг санаатай байж өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг байх хэрэгтэй байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан юм. 

Ц.Доржготов зохиолчийн хувьд “Нэрийг минь тавь, утга санааг минь бүү гуйвуул, зөвшөөрөл авч бай” гэсэн энгийн шаардлага тавьж байхад Х ТҮЦ продакшны жүжигчин Н.Онон, И.Одончимэг нар зориуд ул мөрөө баллах гэж зохиолуудынх нь баатруудын нэр зүсийг нь өөрчлөх, утга санааг нь гуйвуулсан, зохиолын утга санааг алдуулж хэт их марзагнал болгосон учир шүүхэд хандсан билээ. Олигтой бүтээсэн олонд хоногшсон дүр байхгүй, алтан үеийн жүжигчдийн алинд ч бараадаж очихгүй, оюуны өмчийн хулгайчаараа л олонд танигдаж байгаа И.Одончимэгт ард түмний төлөөлөл болсон Ардын жүжигчин цол ахдаж байгааг ард иргэдийн сэтгэгдлээс харахад хангалттай.  Тун удахгүй ял авах нь тодорхой, давтан үйлдэлтэй гаршсан хулгайч И.Одончимэгт Ардын жүжигчин цол олгох болсон нь ариун явдал мөн үү, эрхэм Ерөнхийлөгч өө. Оюуны өмчийн хулгайч нарыг оодруулахаа больсон нь дээр гэдгийг Танд шударгаар сануулъя.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ