img

ЭДИЙН ЗАСГАА ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЧИХЭЭД ЭНГЭРТЭЭ ГАВЬЯАТ ЗҮҮХЭЭСЭЭ ИЧДЭГ БОЛООСОЙ

img
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан даваа гарагаас эхлэн салбар бүрийн сайчуудыг шагнан урамшуулж, төрийн одон медалийг гардуулж байгаа. Харин өчигдөр хаалттай хаалганы цаана нэгэн өвөрмөц шагналын эздийг шалгаруулж урамшуулжээ. Тэрээр УИХ-ын 17 гишүүнд төрийн шагнал олгосон бөгөөд шагнал гардуулах ёслолоо хаалттай, цомхон хүрээнд хийсэн байна. Энгэртээ одон гялалзуулж гарч ирсэн гишүүдийн найм нь АН-ын гишүүд бол 9 нь МАН-ын гишүүд аж.
УИХ-ын дарга С.Бямбацогт гавьяат хуульч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан гавьяат эмч, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, О.Саранчулуун нар шагнуулсан байна. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболд, Г.Занданшатар нар гавьяат эдийн засагч цолоор шагнуулжээ. Мөн ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Ө.Энхтүвшинг Сүхбаатарын одонгоор шагнажээ.
Харин АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Х.Болормаа гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат нар гавьяат хуульч, Л.Мөнхбаясгалан соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Г.Ганбаатар Х.Жангабыл нарыг шагнасан байна. АН-ын шагнуулсан нөхдийг харахад Женкогийн бүлэглэлийн гишүүд олонх нь байгаа нь У.Хүрэлсүх Х.Баттулга хоёр хөшигний цаана эвлэрч, гар гараасаа барилцсан бололтой.
Түүнчлэн ХҮН намын дарга Т.Доржханд гавьяат эдийн засагч болжээ. Тэрээр 2020 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2024 оноос Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд, өдөр болгон арав хориороо аж ахуйн нэгжүүд дампуурч хаалгаа бариад байхад эдийн засгийн салбарт гавьяа байгуулсан хэмээн бие биеэ шагнаж байдгаасаа ичдэг болоосой.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ