Хэл амаараа хэнийг ч дагуулахгүй Х.Нямбаатар хэдэн жил нийслэлийг удирдсан биш навсайсан хот үлдээгээд явлаа. Хэл ам шигээ хотоо хөгжүүлсэн бол бас ч гэж нийслэлчүүд талархлын үгээр үдэж өгөх байлаа. Гэтэл Х.Нямбаатар болон түүний даган баясагч хотын хурга дарга нарын хэрээс хэтэрсэн тансаглалд зарцуулах мөнгийг нийслэлчүүд өдөр шөнөгүй махийж олж өгснөөс өөрөөр амьдрал нь энэ хэдэн жил дээрдсэнгүй. Нэг хэсэг нийслэлийн хурган дарга нар утаа нэрийн дор асар их мөнгө цохидог байсан бол өнөөдөр түгжрэлийг урдаа барин мөнгө хүүлэх ажил хийж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газар гэж зантайсан том байгууллага бий. Америкт сургууль төгссөн эсэх нь хүртэл эргэлзээтэй Б.Одбаяр гэгч залуу энэ байгууллагыг тэргүүлснээс хойш уруугаа харуулаад тавьчихсан. Хамгийн их төсөв хөрөнгийг тус газарт хуваарилсан ч хэдэн бродюр солихоос өөр ажил хийгээгүй. Ямар ч тооцоо судалгаагүйгээр 2025 оноос Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг гурав дахин нэмсэн билээ. Үүнийгээ тэд түгжрэлийг бууруулах, замын ажил, засвар арчлалтын ажлыг эрчимжүүлэхэд зарцуулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэтэл өнөөдөр нийслэл нь дайны дараахь хот шиг ундуй сундуй хэвээр байгааг та бид өдөр тутам харж байгаа. Тэр ч байтугай нийслэлээс “Улаанбаатар бонд”-ыг гаргаж, нийт 500 тэрбум төгрөг олсон бөгөөд 150 тэрбумыг нь авто зам, замын байгууламжийн засварт зарцуулахаар төлөвлөж байгаагаа хотын албан тушаалтнууд хоолой нийлүүлэн ярьж байсан нь саяхан. Харин энэ бүхнээс нийслэлчүүд биш нийслэлийн “хурган” дарга нар тансаглаж, хилийн цаана очиж хэдэн ясаа амрааж байна. Тухайлбал, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар нэгдүгээр ангиллын нислэгээр нааш цаашаа нисч, тансаг зэрэглэлийн амралтын газар хэсч явдаг болжээ. Тэрээр энэ оны эхээр нийслэлийн захиргаанд ажилладаг нэр бүхий 12 хүнийг дагуулан Малайзын Куала Лумпур хотод долоо хоног аялжээ. Хамгийн ноцтой нь тэдний зардлыг Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох “Хаоюань женерал констракшн” компани гаргасан бөгөөд нэг хоноход 1000 доллараас дээш үнэтэй зочид буудал, тансаг зэрэглэлийн “Golden palm tree” амралтын газарт амраажээ. Харин үүнийг нийслэлийн шударга төрийн алба хаагчид ярихдаа “Тэд авлигынхаа мөнгө төгрөгийг ярих гэж хилийн цаана очсон байх магадлалтай” хэмээж байгаа юм. Энэ нь ч оргүй үндэлслэл биш. “Хаоюань женерал контсракшн” гэх компаниа нь ямар ч зам гүүр барьсан туршлага байхгүй, цаасан дээрх хоосон компани болох нь олон баримтаар нотлогдоод байгаа. Гэтэл ийм хувхай хоосон компани руу нийслэлчүүдийн халаасыг ухаж дээрэмдэж авсан мөнгөнөөсөө 500 тэрбум төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн нь гайхалтай. Ер нь нийслэлийн замын төсөл, тендертэй холбооотой асуудлыг О.Энхбаатар зохицуулдаг гэнэ. Тэр хэнд, ямар төсөл өгөхийг мэддэг “том толгойтой” нэгэн бөгөөд түүнтэй тэрсэлдсэн зам гүүрийн компаниуд хаалгаа барихад хүрдэг аж. Тэр ч байтугай "Хаоюань женерал констракшн" компанийг сонгон шалгаруулахад О.Энхбаатар дарга хамгийн их оролцоотой, өмнөөс нь гүйж байсан тухай ч шударга иргэд манай сайтад мэдээлж байна.
Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км авто зам шинэчилдэг байсан бол 2024 онд 62 байршилд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн талаар хотын удирдлагууд мэдээлж байв. Энэ ажлын хүрээнд хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл нь бетонон бродюрыг боржин чулуун хашлагаар сольсон явдал байлаа. Албан мэдээллээр 1 км авто замд нэг метр урттай 2000 ширхэг чулуун бродюр ордог аж. Тухайн үед худалдааны сайтуудад дотоодын үйлдвэрийн бетон бродюр нэг бүр нь 3300-15 мянган төгрөгийн үнэтэй байсан бол импортоор оруулж ирсэн чулуун бродюрийн үнэ үүнээс хэд дахин өндөр байв. Тодруулбал, нэг ширхэг чулуун бродюрийг 178 юань буюу ойролцоогоор 37 мянган төгрөгөөр худалдан авч, үүн дээр татвар, тээврийн зардал нэмэгдсэнээр Улаанбаатарт ирэх өртөг нь 80-87 мянган төгрөг болсон талаар тухайн үед мэдээлж байлаа. Энэ тооцоогоор зөвхөн 1 км замын чулуун бродюрийн материалын өртөг 160-170 сая төгрөгт хүрэхээр байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан юм. Ганцхан энэ баримтаас харахад л нийслэлийн шунал нь дийлддэггүй дарга нар хичнээн их мөнгийг халаас руугаа шургуулдаг болохыг харж болохоор байгаа юм. Харамсалтай нь, энэ их мөнгөний зөрүүг нийслэлчүүд бид татвараараа төлж, нуруугаа авахуулж байгаа билээ. Туулын хурдны замыг шалгах Тусгай ажлын хэсгийнхэн нийслэлийн зам, гүүртэй холбоотой бүх төсөл тендерийг нэг бүрчлэн шалгаж байгаа шигээ нийслэлийн хурга дарга нарыг нэр цохон шалгавал Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатарыг хамгийн түрүүнд шалгах ёстой гэдгийг сануулъя.
